БЗД-ийн Тамгын газрын даргыг хутгалсан 64-тэй этгээд СЭМҮТ-ийн хяналтад байдаг гэв

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин 2018 оны долдугаар сарын 31-ний өдөр ажлын байран дээрээ бусдад хутгалуулсан хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Хэрэгт тус дүүргийн харьяат, 1954 онд төрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, эрэгтэй И-г холбогдуулан шалгаж байгаа . Уг этгээд дүүргийн ЗДТГ-ын нарийн бичиг эмэгтэйн өрөөнд орж ирээд маргаан дэгдээж, биед нь халджээ. Улмаар энэ асуудлыг намжаах гэсэн ЗДТГ-ын дарга Б.Амартүвшинтэй маргалдаж, хэвлийд нь хутгалж гэмтээсэн гэдгээ мэдүүлсэн байна.

Гэмт хэрэгт холбогдогч этгээд “Миний хүргэн дүү дүүргийн хот тохижилтын газар ажилладаг. Би тагнуулч хүн учир биеэ хамгаалахаар хутга авч явдаг” зэргээр мэдүүлжээ. Харин түүний дүү Б “Манай хамаатнуудаас дүүргийн хот тохижилтын газар ажилладаг болон ажиллаж байсан хүн байхгүй. Манай ах хэд хоногийн өмнөөс өвчин нь хөдлөөд янз бүрийн юм ярьдаг нь эхэлсэн. Бас утга нь ойлгомжгүй юм бичээд байдаг юм. СЭМҮТ-д эмчийн хяналтад ороод олон жил болж байгаа” гэдэг тайлбарыг өгчээ.

Холбогдогч этгээдийн авч явсан утга тодорхой бус үгстэй лоозон, сэтгүүл, “Би Монгол хүн, Трам” гэх мэт үгтэй цаас тогтоосон малгай зэргийг нь эд мөрийн баримтаар хураан авчээ.
Гэмт хэргийн холбогдогч И нь “Шезопрени” өвчний учир Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмчийн хяналтад байдаг, уг өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан этгээд аж. Хохирогч Б.Амартүвшин Цэргийн нэгдсэн госпиталд хэвтэн эмчилгээ хийлгэж байна.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …