Малын вакцины шинэ үйлдвэртэй болно

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Михай Галошфай болон Унгарын Гадаад хэргийн яамны Газрын дарга ноён Адам Сзүкс нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, Монгол Улсын малын ерөнхий эмч, Мал эмнэлгийн хяналтын салбарын ерөнхий байцаагч Д.Түмэндэмбэрэл, ХХААХҮЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Э.Жаргалсайхан нар оролцож, 1973 онд БНУАУ-ын (хуучин нэрээр) техник, эдийн засгийн тусламжтайгаар бүрэн шинэчлэгдэн байгуулагдаж, Унгар-Монголын мэргэжилтнүүд хамтран ажиллаж, 1990 оноос хойш зөвхөн үндэсний мэргэжилтнүүд, мэргэшсэн ажилчид эх орны хэрэгцээт био бэлдмэлийг үйлдвэрлэн нийлүүлж ирсэн Биокомбинатыг шинэчлэн засварлах асуудалд төвлөрөн ярилцлаа.


Уулзалтын үеэр ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Малын гоц халдварт өвчний үед ОХУ болон гуравдагч орнуудаас вакцин нийлүүлж, дотоодын хэрэгцээгээ үйлдвэрлэж чадахгүй байна. Иймд Европын чанар стандартад нийцсэн вакцин үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ хангах нь нэн чухал байгаа. Унгарын Засгийн газар 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр энэ асуудлыг шийдэх гэж байгаад маш баяртай байна” гэж цохон тэмдэглэлээ. Мөн ХАА-н эх орон болсон Унгар улстай мал эмнэлэг, хөнгөн үйлдвэр, жижиг дунд үйлдвэрийн салбарт хамтран ажиллах бүрэн боломж байгааг хэлсэн юм.

Уулзалтын үеэр Унгар улсын засгийн газраас манай улсад олгосон 25 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлээр Биокомбинат ТӨҮГ-н өргөтгөлийн ажлыг тун удахгүй эхлүүлэхийн тулд хоёр талаас харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

1-2 жилийн хугацаанд үйлдвэрийн барилгаа барьж мялзан, цэцэг болон вирусийн гаралтай бусад өвчний эсрэг вакциныг дотооддоо үйлдвэрлэн хэрэгцээгээ хангаад зогсохгүй хяналтаа тавих боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, 15-20 сая тун хуурай, 10-15 сая тун шингэн вакцин үйлдвэрлэх хүчин чадалтай, технологийн хувьд шинэ үйлдвэртэй болно. Мөн бүтээгдэхүүнээ олон улсын чанарын түвшинд шалгах лабораторийг үйлдвэрийн дэргэд байгуулах юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …