Б.Гангаамаа: Монголчуудын хүсэл биеллээ

Дэлхийн хоёр дахь ноён оргил болох К2 /8611 м/ ууланд 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатарын цагаар 10:30 цагт амжилттай авиралт хийсэн Монгол Улсын Гавьяат тамирчин, уулчин Б.Гангаамаа өнөөдөр Биеийн Тамир Спортын Газарт К2 ууланд авирсан авиралтынхаа талаар мэдээлэл хийлээ.

 

Тэрбээр“К2 ууланд авирахаар яваад хоёр сар гаруйн дараа ард түмэнтэйгээ амжилттай уулзаж байгаадаа баяртай байна. Энэ жилийн хувьд цаг агаарын хувьд тогтвортой байсан учир урьд урьдынхаас олон уулчин К2 уулын оргилд гарсан.

1954 оноос хойших 64 жилд 337 уулчин К2 оргилд гарснаас 2012, 2018 онд хамгийн олон уулчин оргилд гарсан гэх статистик байна гэж манай экспедицийн удирдагч хэлж байсан.

Манай баг бүрэлдэхүүний уулчид дөрвөн том экспедицэд хуваагдсан. Жижиг хоёр экспедиц байсны нэг нь манай баг буюу “Дэлхийн 14 оргилыг эзлэх баг” нэртэй, найман орны 10 авирагчтай, ширфа нартайгаа нийт 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг байлаа.

Цаг агаар таатай байсан, цас их орсон, өндөр оргилд байдаг бүх бэрхшээлүүдийг туулсан. Гэхдээ энэ жил нэг өдөр 31 хүн К2-ын оргилд гарч рекорд тогтоосон. 2012 онд 28 хүн авирсан юм билээ.

Манай багийнхан арвуулаа 7 сарын 21-ний өдөр Польшийн цагаар 07:31 минутаас 08.00 цагийн хооронд цувж К2 уулийн оргилд гарсан.

7-р сарын 22-ний өдөр Америк, Японы баг оргилд гарсан. Америкийн багийн 10 хүнээс хоёр нь буцсан, Японы найман уулчнаас зургаан нь оргилд гарсан. Харамсалтай нь нэг Япон уулчин буухдаа Лонхны хүзүү гэж маш хүнд хэсгээс унаж нас барсан.Оргилд гараад буусны дараа анхны Бельги, Швейцарь, Монгол, Ирланд, Латин Америкийн эмэгтэй гээд манай 10 хүнтэй багийн 5 гишүүн улсаасаа анх удаа К2 оргилд гарснаа мэдсэн.

Авиралт болон өндөр авалтын үед биеийн байдал маш сайн байсан. Жаахан ханиалгах асуудал гарч байсан Бусдаар бол биеийн байдал урьдынхаас сайн байлаа. Оргил дээр гарах бүрэн эрмэлзэлтэй, хичээж байлаа. Оргилд гарахаасаа өмнө Монгол руугаа ярьж монголчууд минь К2 уулыг аргадаж, тахиж өгөөрэй гэж хэлж байсан. Авиралт амжилттай болсон. Миний хувьд Пакистан улсын цагаар 08:30 цагт, Монголын цагаар 10:30 цагт К2 уулын оргил дээр гарсан. Авиралт дуусаад буух хооронд битүү цас, цаснаас өмнө бууж дөрөвдүгээр бааз хүрсэн. Аюулгүй байдлаа бодоод дөрөвдүгээр бааздаа хоносон. Надтай хамт авирсан хүмүүс доошоо үндсэн бааз хүртэл буусан байсан. Авиралт минь олон жилийн хүсэл мөрөөдөл, монголчуудын хүсэл байсан. 2005 онд Эверестэд анхны Монгол хүн гарсан байдаг. Түүнээс хойш дараагийн оргил К2 дээр гарах мөрөөдөл байсан. Спортын авиралтын хаан уул гэдэг энэ ууланд олон жилийн дараа Монголчуудын хүсэл биеллээ. Гурван удаа оролдлого хийж байж, ийнхүү амжилттай боллоо. К2 уул ийнхүү Монголынх боллоо. Үнэхээр баяртай байна.

К2 Эверестийн оргилын дараа хоёрдугаарт ордог, шалгуур өндөртэй уул. К2 оргилд 64 жилийн түүхэнд 337 уулчин авирснаас 84 уулчин буухдаа амиа насаа алдсан гэсэн статистик бий гэдэг. Эмэгтэй 18 уулчин гарснаас зургаан нь буцаж ирээгүй, эмэгтэйчүүдэд хатуу уул гэдэг. К2 оргил монголчуудад ээлтэй байсан. Энэ жил гарсны 10 уулчин 5 нь эмэгтэй байсан нь түүхэн дэх хамгийн их олон эмэгтэй уулчин K2 ууланд авирсан жил боллоо.

Тамирчин хүн арын алба, ивээн тэтгэлэггүй ажиллах ямар ч бололцоогүй. Тухайн спортын холбоод, ивээн тэтгэгч, найз нөхөд ард нь байдаг. Миний үе үеийн авиралтын ард Биеийн тамир, спортын хороо ард минь бат зогсож ирсэн. Мөн Ц.Баатарсайхан захиралтай Таван Богд группийн хамт олонд чин сэтгэлээсээ баярлалаа.

К2 оргилд гарахыг монголчууд хэдэн жил хүсэж, мөрөөдөж байсан. Намайг Монгол гэж хэлэхэд бүх уулчид үнэхээр гайхаж, маш сайн байна гэж байсан. Уулчид намайг Япон л гэж байсан. Бууж ирсэн уулчидийн дунд нэрсийн миний нэр тавдугаар бичигдэж, ард нь Монголын далбаа байхад нь би үнэхээр омогшиж байсан.

Уулчин хүн мөнхийн бэлтгэлтэй байх ёстой. Зуны цагт Алтай Таванбогд руу уулчид аваад явдаг, мөн спорт зааланд тасралтгүй бэлтгэл хийдэг” гэв.

МУГТ, уулчин Б. Гангаамаа К2 уулын оргилд авч гарсан төрийн далбааг Биеийн тамир спортын хороонд гардуулж өгсөн юм.

Г.Нараа

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …