Хүүхдийн тоглоом мэт ашиглагдсан лалын шашин

Миний алба хааж байсан Египет оронд одоогоос 5 жилийн өмнө “Тахрирын хоёрдугаар хувьсгал”-аа египетчүүд мөн ч дуулиантай хийсэнсэн. Тэгж хийхээс ч аргагүй болсон. Эртний соёлтой, хүн төрөлхтөний иргэншлийн өлгий энэ нутагт лалын мухар сүсгээр төр барих гэж хөглөсөн. Ард түмнээ амьдын тамд унагах гэж байхад нь цэргийнхэн улс үндэстнээ аварсан билээ. Энэ тухай дүн шинжилгээ эргэж хийе.

Лалын ахан дүүс парламентын ба Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр ялалт байгуулмагцаа Египетийн секуляр нийгмийг (шашинжихгүй хөгжих) яг сүхээр цавчсан мэт хоёр хуваагаад байлаа гээд эхлэе. Хуваагдлын цаана хамгийн том аюул бугшсан. Улс үндэстнээ аврах уу, лалын шашнаа мандуулах уу гэдэг асуудал босч ирсэн. Тэд арми, парламент, шүүх засаглалыг гартаа атгахыг зорьж, хэдхэн сарын дотор өөрийн исламист Ерөнхийлөгч Мурсидээ бүх эрх мэдлийг төвлөрүүлсэн ба цэргийн цолноос бусад дээр Мубарактай адил бас нэг дарангуйлагч болж хувирсан байлаа.

Мурси армийнхныг айлгачихна, эсвэл худалдаад авчихна гэж гэнэнээр төсөөлсөн нь маш том алдаа байжээ. Ерөнхийлөгчдөө үнэнч байх чанарыг цэргийнхнээс худалдаж авч чадаагүй. Ингэмэгцээ Аюулгүй байдлын үндэсний зөвлөл гэж тусдаа нэг бүтэц буй болгохыг санал болгож, армийг сөргүүлэхээр завдан байв. Арми өөрийн цэргийн сургуулиудаа Лалын ахан дүүс-ийнхэнд нээсэн, суралцах эрх өгсөн, гэвч сул тавьчихаагүй. Цэргийн тагнуулын байгууллагыг гартаа авах гэхэд нь цэргийнхэн Мурсид зөвшөөрөөгүй. Шийдвэртэйгээр үгүй гэж хариулсан. Арми бол үл хөдлөх хөрөнгө, үйлдвэрүүд, аэрпорт, усан боомт, супер их дэлгүүр, банкны маш их актив гээд үнэхээр аварга том санхүүгийн бүтэцтэй. Тэгвэл Мурсид До яам, цагдаагаас өөр хүч байхгүй. Цэргийн аж үйлдвэрийн салбарын орлогыг Лалын ахан дүүс-ийнхэн авах гээд чадаагүй. Суэцийн сувагт техникийн хяналт тавина гэж лалынхан хөөрцөглөхөд арми саад учруулсан.

Лалын ахан дүүс ба салафитуудын (VII зуун руу ухралт хийх хүсэлтэй хэт консерватив лал) хамтран боловсруулсан Үндсэн хуулийн төслийг авч үзвэл шашны догмаар сууриа хийсэн, лалынхан эрх мэдлээ байнга бэхжүүлж, мөнхөд оршиж байх тухай хөтөлбөр аятай болсон байв. Тэд олонхоороо хүч түрэн баталж хараахан амжаагүй үед цэргийнхэн өрссөн. Сөрөг үзэл бодолтой улстөрчид, нийгмийн зүтгэлтэн, сэтгүүлчдийг хяхаж хавчиж, ард түмнээс сонгогдсон байлаа ч тийм улстөрчдийг гишгэх газаргүй болгохоор завдсан нь Лалын ахан дүүс-ийн гол алдаа байлаа. Шашны гэмээр, нийгмээ гайхашруулсан, этгээд марзан (тэнэг) олон ажил тэд XXI зуунд сэдсэн дээ.

Тухайлбал:

Ардын Хурлын чуулганы хуралдааны дундуур хурлын дэг зөрчин шашны мөргөлийн дуу унзад хоолойгоор шүлэглэн удтал дуулсан хэрэг мандуулжээ;
АНУ-ын 1.3 тэрбум ам.долларын тусламжаас татгалзахыг уриалсан мэдэгдлийг өөрийн номлогч Мохаммед Хассан гэдгээрээ дамжуулан хийлгэв. Түүний хэлснээр АНУ бус Аллах Египетэд мөнгөөр тусалсаар ирсэн болж таарав;
Аялал жуулчлал хөгжсөн, хоёр далайн эрэгт байрлах Египетэд усанд орох наран шарлагын газруудыг эр, эм гэж хуваав;
Гадаадын жуулчид, ялангуяа бүсгүйчүүд лалын маягаар хувцаслахыг албадав;
Далайд махчин загасанд хэрчүүлсэн гадаад эмэгтэйг нүцгэн сэлсний хохь нь, акул хүртэл лал бусыг жигшиж байна гэж тайлбарлав;
Мусульман эрчүүд бэлгийн дур хүслээ хангахын тулд мооргуудад шарилтай явалдахыг зөвшөөрсөн хууль боловсруулав;
Эр эмээрээ зочид буудалд байрлах эрхгүй болов;
Эмэгтэйчүүд ба христианчуудыг удирдах ба төрийн албанд ажиллуулахгүй байх хууль боловсруулав;
Христианчуудыг татвараар дарамтлан эх орноос нь явуулах буюу эсвэл мусульман болгох хэрэгтэй гэв;
Лалын үнэт зүйлс, лалын соёлтой харшилж байгаа тул эртний фараоны үеийн урлагийн бүтээл, хөшөө дурсгал, бүр пирамид, сфинкс, уран баримлыг хаах буюу нураах санал дэвшүүлэв;
Христосын олон сүмийг эзлэн авч мечеть, эмнэлэг нүүлгэн байрлуулав;
Египетийн ТВ-ээр олон ангит цуврал кино гаргахгүй, банзал даашинз өмссөн эмэгтэйг ТВ-ээр харуулах ёсгүй болж таарав;
Христосын хэрээсийг бэлгэдсэн эмблемийг санагдуулах учраас шевролет машиныг Египет даяар хориглохоор хөглөв гэхчлэн баримт жирийлгээд байх нь тэр.
Шашны консерватизмаа орчин үеийн эдийн засгийн бүтэцтэй хэрхэн холбох талаар Лалын ахан дүүс-ийнхэнд эдийн засгийн программ, удирдлагын арга барил гэж огт байхгүй байж ирсэнд гол алдаа нь оршиж байв. Эдийн засаг цэцэглээд лалжилт нь давхар явагдсан бол ардчиллыг түр хойшлуулж болохсон. Гэтэл тэгээгүй, коран судар, хадисын зохиолуудыг нэвт мэдлээ гээд египетчүүд ядуурал руугаа бүр гулссан даа.
`Лалын ахан дүүс`-ийн хоёр лидер

Шашнаар дарамтлан нийгмээ талцуулсны гайгаар Лалын ахан дүүс-ийн нэр хүнд навс унасан. Мурси болон бусад улс төрч исламистууд лидер байх чадвараа алдсан. Ер нь ямар арга барилаар улс орноо удирдаж байгаагаа ч мэдэхээ больсон. Залгуулаад эдийн засаг, нийгэм нь дампуурсан. Ардчилсан сонгууль явуулаад амьдрал сайжирна гэсэн нь баларсан. Оршин байх, өдөр хоногийг өнгөрөөх хэлбэрээр нийгэм нь, хүн ам нь хоёр жил ийнхүү тарчилжээ.

Эртний соёлт тэр улсад ирээдүйн тухай төсөөлөл бүдэг бадаг, баргар болсон байв. XXI зуунд шүү дээ! Макро эдийн засгийн гол бааз үзүүлэлтүүд бүгд хасах заав. Улсын өр, төсвийн алдагдал, инфляц (8 хувь), ажилгүйдэл огцом өсөв. Лалынхан муйхарласан, шашны шалгуур тавьсан зэргээс 2.8 сая хүнд ажлын байр гарган өгч, улсынхаа эдийн засгийн 11 хувийг авч явдаг байсан аялал жуулчлал навс унав.

Хямрал нүүрэлмэгц исламистууд эдийн засгийг төрийн хатуу зохицуулалтаар хөгжүүлнэ гэж үзэв. Сулхан эдийн засагт хатуухан гар оруулчихвал үр дүн гарна гэж тооцов. Эсрэгээр шатахуун, эрчим хүч, ус, гурил, талх гамбирны үнэ өсөв. Алтан валютын нөөц нь экспорт, өсөлт хоёроос бүрдээд байж болдог байсан бол одоо тэр нь Персийн булангийн баян хаант улсуудаас өгдөг эдийн засгийн тусламжаас бүрддэг болов. Цаадуул нь исламын шашин цэврээрээ мандаж байг, бусад нь яахав хэмээн үзжээ.

Хэдий ядарсан ч Ливи Египетэд тусалдаг болжээ. Гадаад валютын нөөц гурав дахин дундрав, ОУВС зээлдүүлэхээ зогсоов, Каирын бирж дээр индекс 2013 оны эхний хагас жилд 14.2 хувийн алдагдалтай, египет фунтийн ханш унав гэхчлэн жирийлгээд байх нь тэр.

Зураг. Каирт явагдсан шүүх хурал 2018.07.28-нд эцсийн шийдвэрээ гаргахдаа 5 жилийн өмнөх тэрхүү бужигнаан, цуст мөргөлдөөнд тухирсан, өдөөн хатгасан хэргээр “Лалын ах дүүс”-ийн 75 толгойлогч, манлайлагч, идэвхтэнд цаазын ял оноосны нэрсийн жагсаалтын эхэнд Ассам аль-Арьян гэх зартай исламист лидер бичигджээ.
Сөрөг хүчний нэг лидер аль-Барадейгээс эшлэе. Исламист Мурсийн төр барьсан нэг жилийн үр дүн, хэр оновчтой зөв ажиллаж вэ гэдэг нь эндээс харагдахаар “Шариат чамайг хооллохгүй!” гэж тэрээр гарчиглажээ. Египет нь дампуурч буй улс гэсэн индекстэй ба тэр индексээрээ 45-аас 31 дүгээр байр руу урууджээ. Эрүүгийн нөхцөл байдал үлэмж хүндэрчээ. Санаатай аллага 130 хувиар, дээрэм тонуул 350 хувиар, хүн хулгайлах гэмт хэрэг 145 хувиар өсчээ. Залуу 4 хүн тутмын нэг нь ажилгүй, гадаадын хөрөнгө оруулалт зогссон, гадаад өр өссөн, аялал жуулчлал зогссон. Санал асуулгаар Лалын ахан дүүс-ийг дэмжих нь хүн амын 20 хүрэхгүй хувь байна.

Ийм нөхцөлд арми засгийн эрх авах, эсвэл өлсгөлөн ядуусын аймшигт самуун дэгдэх ийм л хоёр зам хүлээж байна хэмээн аль-Барадей бичиж байв.
Эдийн засаг сүйрлээ гэдгийг Лалын ахан дүүс хүлээн зөвшөөрсөнгүй. Эдийн засаг нь хүндрээд ирмэгц улс төрдөө эргээд сөргөөр нөлөөлсөн. Сөрөг хүчний маш том хөдөлгөөн буй болж, шашинжихгүй хөгжих үзэлтнүүд, өмнөх дэглэмийнхэн, өш хонзон өвөртлөгчид нэг том фронт болжээ. Эдийн засаг дампуурч, сөрөг хүчин хүрээгээ тэлмэгч Лалын ахан дүүс шал ондоо тэс хөндлөнгийн суртал нэвтрүүлэг хийж эхлэв. Нийгэм дэх ислам шашны үүргийг ой тойндоо суулгах, хэдэн зуунаар хэмжигдэх шашны үнэт зүйлс, уламжлалыг хадгалах уриалга гарган, сөрөг хүчнээ ёс суртахуунгүй, моральгүй, дэггүй хэмээн яллав. Амьдрал нь доройтож байгаа дундчуудыг шашны ийм хийрхэл бүр цааш нь түлхэв. Исламистууд Мубаракийн үед нууц байдалд нуугдан байсан бол засгийн эрх авмагцаа тансаг байр сууц, офис, машины эзэд болсонд хүн амын ихэнхи нь эгдүүцэв. Лалын ахан дүүс-ийн төв офис, намынх нь байрыг юу ч үгүй болтол нь шатааж, тоносон нь үүний илрэл биш гэж үү?

2012 онд Ерөнхийлөгчийн сонгуулиар Мурсийн төлөө 13.23 сая хүн саналаа өгч байсан бол энэ удаа огцруулахын төлөө 22 сая хүн саналаа өгчээ

Ингээд Мурсийг огцруулахын төлөө олон сая хүн гарын үсгээ зурж, хугацаанаас өмнө сонгууль явуулахыг шаардав. 2012 онд Ерөнхийлөгчийн сонгуулиар Мурсийн төлөө 13.23 сая хүн саналаа өгч байсан бол энэ удаа огцруулахын төлөө 22 сая хүн саналаа өгчээ. Лалын фундаментализм руу Египетийг түлхсэний гай ингэж илрэв. Миний тэнд алба залгуулж асан 2011 оны 2 дугаар сарын эхний 10 хоног ямар байсан, түүнээс ч хурц өргөн хүрээтэй бослого тэмцэл Мурсийг огцруулахын өмнөх хэдхэн хоногт аюулын харанга дэлдэж байв. Мубаракийн өөрийнх нь зөвшөөрснөөр, түүнийг огцруулахын төлөөх 2011 оны тэмцэл 2013 оны тэр үйл явдлын дэргэд тун өчүүхэн байжээ. Засгийн газраас сайд нар дараа дараалан гарч, мужийн губернаторууд ч сайн дураараа огцорч, Мурсид Лалын ахан дүүс–ээс нь өөр хэн ч үлдсэнгүй, 4-хөн өдөрт болсон үйл явдал шүү дээ. Ийнхүү цэргийн бус, бүх ард түмнээсээ сонгогдсон иргэний анхны Төрийн тэргүүн үхлээ өөртөө бэлтгэжээ. Мухаммед Мурси Ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө яг нэг жилийн ой дээр тэр өөрөө ийнхүү улс төрийн үхдэл болов оо.

Мурсийн өнгөн дээр Лалын ахан дүүс улсаа удирдах гэж хөглөөд эцэст нь хөөгдөж буусныг шоронгоос ажигласан Мубарак тодорхойлсон нь:

Тэр ёстой усан тэнэг. Яагаад гэвэл тэр юу ч хийж чадахгүй. Улс орондоо өрнөж буй үйл явцын талаар түүнд ядаж наад захын тодорхой байр суурь ч алга. Харин террорист бүлгүүд идэвхжихээс сэрэмжлэх хэрэгтэй. Энэ их аюул гамшгийг нуга дарах хэрэгтэй. Тэдэнтэй зэрэгцэн орших ямар ч боломж байхгүй!
Энэ явдлын логикийг их өвмөрцөөр харж болох мэт. Хүн амын 90 орчим хувь нь мусульманчууд гэгддэг Египетэд тэд өргөн фронтоор исламистуудынхаа эсрэг босчээ. Каир, Александриа хот гэлтгүй, Мурси ба Лалын ахан дүүс-ийнхэнд ялалт хангаж байсан консерватив бүс нутгууд ч энэ өргөн фронтод нэгджээ. Ийнхүү мусульманчууд исламистуудынхаа эсрэг босч, Египет орон исламистуудаасаа 5 жилийн өмнө салсан түүх оршвой.

Нийгэм дэх үзэл суртлын (лалын шашны) хямрал, эдийн засгийн уналт, салан тусгаарлах үзэл бодол нийлж тэсрээд исламистуудад ялагдал авчирсан энэ гашуун түүх бол “Арабын хавар” ирээдүйд тохиох лалын орнуудад маш том сургамж үлдээжээ!

Олон улсын харилцааны судлаач-профессор Дашдоржийн Баярхүү

 Нийтлэлчийн зөвшөөрөлтэйгөөр нийтлэв

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …