УИХ-ын гишүүн Д.Оюунхорол өнөөдөр тойргийнхоо иргэдтэй уулзаж санал болдыг нь сонсож, хийж буй бүтээн байгуулалтынхаа ажлын явцтай танилцсан байна.
БЗД-ийн 21,27,2-р хорооны айл өрхүүдийг сүүлийн 10 гаруй жил үерийн аюул нөмөрч ирсэн. Энэ асуудлыг шийдвэрлэхээр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол үерийн хамгаалалтын байгууламжийг барих санаачлага гарган санхүүг нь улсын төсөвт суулган шийдвэрлэсэн. Ингэснээр нийт 1,9 км урттай, 6,5 метр өндөртэй үерийн хамгаалалтын байгууламж ирэх оны 11-р сард ашиглалтанд орох төлөвлөгөөтэй юм. Энэ асуудлыг шийдсэнээр БЗД-ийн 40 мянга гаруй өрх үер усны айдасгүй тав тухтай амьдрах боломжтой болжээ .
Мөн БЗД-ийн 2-р хорооны нутаг дэвсгэрт нүхэн жорлон, үерийн уснаас болж хөрсний бохирдлын асуудал ихтэй байдаг. Тиймээс тус хорооны нүхэн жорлон болон бохирын цооногуудыг ариутгах ажлыг хийжээ. Ариутгалын ажлыг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр “Байгальд ээлтэй хөгжил ТББ” хийж гүйцэтгэсэн байна. Ариутгалын ажилд тус хорооны ажилгүй 30 орчим иргэнийг цалинжуулж ажиллуулжээ.
БЗД-ын 2-р хороонд хөрсний бохирдлоос гадна сургуулийн цэцэрлэг тулгамдсан асуудал болоод байсан. Цэцэрлэгийн асуудлыг шийдүүлэхээр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга худалдан авах төсвийг 2018 оны улсын төсөвт суулгаад байсан. Уг цэцэрлэгийн ажлын гүйцэтгэл дуусах шатандаа явж байгаа бөгөөд есдүгээр сар гэхэд багтааж ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.