АНУ-ын Стэнфордын их сургуулийн эрдэмтэд болох Жеймс Феррел, Сяньжуй Ченг нар эс үхжих хурдыг анх удаа тодорхойлжээ. Тэдний хийсэн судалгааны өгүүлэл “Science” сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Аль нэг хэсэг нь гэмтсэнээр эд эсийн үхжих явц эхэлдэг байна. Эс гэмтсэнээр “үхлийн дохио” гэдэг нэртэй химийн бодис ялгардаг аж. Энэхүү бодис нь “өдөөгч долгион” буюу эсийн бусад хэсгүүдэд алгуур хүрдэг гинжин урвалыг бий болгодог байна.
Нөгөөтэйгүүр, нэг эс үхсэний дараа үхжих явц зэргэлдээ эсүүдэд явагдаж эхэлдэг байна. Судлаачдын ярьснаар, “өдөөгч долгион” нь “үхлийн дохио” дуусах хүртэл буюу эс бүрэн үхэж дуусах хүртэл тархдаг ажээ.
Уг долгионы хурдыг эрдэмтэд “эсийн үхжих хурд” гэж нэрлэсэн бөгөөд минутанд 30 микрометр /цагт 1,8 миллиметр/ байдгийг тодорхойлсон байна.
Энэхүү нээлт нь хорт хавдрын эсүүдийг хэрхэн өөрийгөө устгадаг болгох вэ, Альцгеймерийн өвчин болон булчингийн сулралын үед эсүүдийн үхжих явцыг хэрхэн зогсоох вэ гэдгийг тодорхойлон мэдэх боломжийг олгоно гэж Стэнфордын эрдэмтэд үзэж байгаа аж.