АНУ-ын Засгийн газрын санхүүжилттай бүрэн тэтгэлэгт FLEX хөтөлбөрийн шалгаруулалтын тов гарчээ. Энэ хөтөлбөр нь Монголын бүрэн дунд сургуулийн сурагчдад Америкийн Нэгдсэн Улсын (АНУ)-ын ахлах сургуульд нэг жил үнэ төлбөргүй сурч Америк гэр бүлийн нэг гишүүн нь болж амьдрах боломжийг олгодог урт хугацааны солилцооны хөтөлбөр юм.
Америкийн Нэгдсэн Улсад 2019-2020 оны хичээлийн жилд “FLEX-Ирээдүйн Манлайлагчдын Солилцооны” хөтөлбөр оролцогчдыг шалгаруулах удирдамж
FLEX Хөтөлбөрийн тухай
Монгол улс болон Америкийн Нэгдсэн Улсын (АНУ) хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан АНУ-ын Засгийн газраас санхүүжилттэй Ирээдүйн Манлайлагчдын Хөтөлбөрийг (FLEX) Монгол улсад 2017 онд хэрэгжүүлж эхлэхээр шийдвэр гарсан.
Үүний дагуу Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам болон хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага Америкийн Олон Улсын Боловсролын Зөвлөл хамтран ажиллахаар хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг зурcан.
АНУ-ын Засгийн газрын санхүүжилттай бүрэн тэтгэлэгт FLEX хөтөлбөр нь Монголын бүрэн дунд сургуулийн сурагчдад Америкийн Нэгдсэн Улсын (АНУ)-ын ахлах сургуульд нэг жил үнэ төлбөргүй сурч Америк гэр бүлийн нэг гишүүн нь болж амьдрах боломжийг олгодог урт хугацааны солилцооны хөтөлбөр юм.
Хөтөлбөрт оролцох хүсэлтэй сурагчдад тавигдах шаардлага
Доорхи шаардлагыг хангасан оролцохыг хүссэн сурагчдад тэтгэлэгт хамрагдах шалгаруулалт нь орон даяар нээлттэй бөгөөд эхний 1 дүгээр шатны шалгаруулалтанд оролцох сурагчдын тоонд хязгаар байхгүй.
Сурагчдад тавих ерөнхий шаардлага:
2002 оны 1 сараас 1-нээс 2004 оны 7 сарын 15-ны хооронд төрсөн байх
Оролцох үедээ 9, 10, 11 дүгээр ангийн сурагч байх
Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
Сурлагын үнэлгээний дундаж нь 80% түүнээс дээш байх
Монгол улсын иргэн, гадаад паспорт авах эрхтэй байх
Америкт зорчих визний шалгуур хангасан байх
Шалгаруулалт:
2019-2020 оны хичээлийн жилд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах сурагчдын шалгаруулалт нь 2018 оны 8 дугаар сард орон даяар зарлаж, 9 дүгээр сарын 15-аас 11 дүгээр сарын 10-ны хооронд шалгалт явагдана.
Америкийн Зөвлөлийн төлөөлөгчид:
Өвөрхангай аймаг, Арвайхээр хотод 2018.IX.22-26нд
Ховд аймаг, Ховд хотод 2018.X.13-17нд
Дорнод аймаг, Чойбалсан хотод 2018.X.20-24нд
Улаанбаатар хотод 2018.IX.16-17нд; X.6-7-нд, 2018.X.27- XI.9-нд шалгалтыг авна. Шалгаруулалт нь 3 шатны шалгалтаас бүрдэнэ.
Шалгуулагчийг урьдчилсан бүртгэл хийлгүй шалгалт өгөх байранд төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, цээж зураг, хар үзгэн балтай ирж шууд 1 дүгээр шатны шалгалтанд орно.
1 дүгээр шатны шалгалтанд сурагчид англи хэлний дундаас дээш түвшний дүрмийн мэдлэгийг 16 асуултанд 15 минут хариулах сорил /тест/-оор шалгуулна.
Үүнд 3-4 параграф текст уншиж, тухайн өгүүлэмж сэдвийн агуулгыг хэрхэн ойлгосон эсэхийг асуултанд хариулах багтана, богино хугацаанд уншсан сэдвээ хир ойлгосон эсэхээ шалгуулах тул англи хэл дээр унших, ойлгох чадвартай байна. 1 дүгээр шатнаас шалгарсан хүүхдүүд 2 дугаар шатны шалгалтанд орно.
2 дугаар шатанд сурагчид богино хэмжээний эссе бичих бөгөөд АНУ-ын Вашингтон хотруу цахим шуудангаар эссег илгээж, 1 хоногийн дараа хариуг ирүүлнэ.
Сурагчдын бичсэн эссег хэрхэн зөв бичгийн дүрмээр бичсэнээр нь биш утга агуулгаар нь дүгнэдэг. Эссений сэдэв нь ихэвчлэн амьдралд тохиолдож байсан зүйлсийн тухай асуусан байдаг.
Ямар нэгэн ном, толь бичиг, утас гэх мэт нэмэлт материал ашиглахгүйгээр хамгийн багадаа /5 параграф/ эссе бичих учраас өөрийнхөө санааг англи хэл дээр илэрхийлэн бичих чадварыг шаардана.
2 дугаар шатыг амжилттай давсан оролцогч 3 дугаар шатанд өргөдлийн материал хүлээн авч дахин англи хэлний сорил /тест/ өгч англи-монгол хэлээр ярилцлаганд орно.
Шалгаруулалтын бүх материалууд АНУ-ын Вашингтон хот руу илгээгдэж Америк мэргэжилтнүүдээс бүрдсэн бие даасан комисс хөтөлбөрийн үндсэн оролцогчдыг шалгаруулдаг, шалгаруулалт нь сурагчдын ерөнхий чадвар дээр суурилдаг.
Үүнд сурагчийн дэлгэрэнгүй өргөдөл, анкет бөглөсөн байдал, багшийн тодорхойлолт захиа, мөн нэг жилийн солилцооны хөтөлбөрт оролцоход хэр бэлэн байгаагаа харуулах чадвар зэрэг орно. Англи хэлний мэдлэгийн түвшин сайн байх хэрэгтэй боловч энэ нь хөтөлбөрийн цорын ганц шалгуур нь биш юм.
Анхааруулга
Оролцогч зөвхөн нэг л шалгалт авах байранд шалгалт өгч болно.
Шалгалтын танхимд утас авч орохыг хориглоно. Ямар нэгэн байдлаар утас авч орсон тохиолдолд шалгаруулалтаас шууд хасагдана.
Зарласан шалгалтын цагаас хоцорсон бол дундуур нь орох боломжгүй учраас цагтаа хүрэлцэн ирэх хэрэгтэй.
1, 2 дугаар шат нэг өдөр болох учраас (Улаанбаатарт өөр өдөр болно) хүлээх зуураа идэх хоолоо авч ирнэ.
Холбоо барих утас: 93130647
Имэйл: flex@americancouncils.mn
Фэйсбүүк хуудас: FLEX Mongolia
Эх сурвалж: АНУ-ын ЭСЯ