Жакартад зугаацаж цэнгэсэн Японы сагсан бөмбөгчдийг нутагт нь буцаажээ

Индонезийн нийслэл Жакарта хотын зугаа цэнгэлийн дүүрэгт үндэсний шигшээ багийн хувцсаа өмсөөд явж байсан Японы дөрвөн сагсан бөмбөгчинд шийтгэл ногдуулахаар Японы Үндэсний Олимпын хороо шийдвэрлэжээ. Сагсан бөмбөгчид Азийн спортын наадамд оролцож байсан аж.

Энэ явдал өнгөрсөн пүрэв гарагт Японы шигшээ баг Катарын багийг 82:71  харьцаагаар хожсон тоглолтын дараа болсон байна.

Шигшээ багийнхаа хувцсыг өмссөн сагсан бөмбөгчид Олимпын тосгоноос гарч, Жакарта хотын зугаа цэнгэлийн дүүрэгт байрлах япон хоолны ресторан руу явсан аж. Оройн хоол идсэнийхээ дараа тэд хэд хэдэн эмэгтэйн хамт зоогийн газрын хажууханд байх шөнийн клубт оржээ.

Нэрийг нь дурдаагүй эдгээр дөрвөн тамирчныг Азийн тоглолтод цаашид оролцохыг хориглож, эх орон руу нь буцаасан байна. “Энэ бол манай шигшээгийн тамирчдын хувьд зохисгүй зан авир” гэж Азийн спортын наадамд оролцож буй Японы төлөөлөгчдийн ахлагч Ясүхиро Ямашита хэллээ.

Японы эрэгтэй сагсан бөмбөгчид хоёр тоглолтын дараах байдлаар С хэсэгт тэргүүлж байна.

Индонезийн нийслэл Жакарта хотод 8 дугаар сарын 18-наас 9 дүгээр сарын 2-нд болох Азийн спортын наадамд 42 орны 9700 гаруй тамирчид оролцож байна.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …