2018-2019 оны хичээлийн шинэ жилд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сургалтын төлөвлөгөөг шинэчилсэн байна. Ингэхдээ сургалтын зарим хичээлийн цагийг өөрчлөх, нэмэлт хичээл оруулах, сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Энэ хичээлийн жилээс эхлэн эрүүл мэндийн хичээлийг орж эхлэхээр болоод байгаа юм. Эрүүл мэндийн хичээлийг хувийн ариун цэвэр, орчны эрүүл ахуй, хооллолт, сэтгэцийн эрүүл мэнд, хорт зуршил, бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэнд, осол гэмтэл гэсэн агуулгын хүрээнд заахаар болжээ.
Сургалтын төлөвлөгөөг шинэчилсэнтэй холбоотойгоор “Сургуулийн менежмент, багшийн хөгжил-Бүрэн дунд боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй III” сургалтыг зохион байгуулж байна. Уг сургалтад аймаг, нийслэлийн боловсрол, соёл урлагийн газар, дүүргийн боловсролын хэлтсийн 270 гаруй мэргэжилтэн хамрагджээ.