АТГ:”60 тэрбум”-ын хэргийг дахин шалгаж эхэлсэн

Авлигатай тэмцэх газраас сар бүрийн ээлжит хэвлэлийн хурал хийлээ. Уг хуралд Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцож, 2018 оны наймдугаар сард хийсэн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр сүүлийн үед олны анхаарал татсан хэргийн талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

– АТГ-ын газрын дарга Х.Энхжаргалын 19 настай охин Шарын гол ХХК-ийн ТУЗ-ын даргаар ажилладаг гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ талаар?

-АТГ-ын газрын дарга Х.Энхжаргалд 19 настай охин байхгүй. Аль нэг төрийн өмчит хуулийн этгээдийн ТУЗ-ийн даргаар ажилладаг хүүхэд байхгүй. Энэ бол санаатайгаар тараасан илт худал мэдээлэл. Ийм байдлаар АТГ-ын үйл ажиллагааг гутаах, харлуулах, саармагжуулах зорилготой ийм мэдээллүүдийг АТГ-ын даргын нэр хүндэд халдсан байдлаар тарааж байна.

Энэ мэдээллийг цуврал байдлаар бэлтгэж байгаа гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Сошиал сүлжээнд энэ мэдээллийг хуульч, өмгөөлөгч Пүрэвбаатар гуай бичсэн байсан. АТГ-ын олон нийтийн зөвлөлийн гишүүнээр ажилладаг атлаа ийм хариуцлагагүй, худал мэдээлэл тарааж байгаа нь харамсалтай явдал. Худал мэдээлэл тараасан хүмүүсийг АТГ-аас цагдаагийн байгууллагад хандаж шалгуулах болно.

-60 тэрбумын хэрэг ямар шатандаа явж байгаа вэ?

-60 тэрбумын гэх хэргийг дахин шалгаж эхэлсэн. Прокурорын байгууллагаас хэрэг бүртгэл нээж, хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

-Эрдэнэт үйлдвэр, Жастын Ш.Батхүүтэй холбоотой хэрэг одоо ямар шатандаа явж байгаа вэ?

-Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хийгдсэн аудитын болон үндсэн дүгнэлтүүд гарсан. Хэрэг асуудлыг нэлээн өргөн цар хүрээтэйгээр шалгаж байгаа.

-Цэцэрлэг, сургуулийн элсэлт явагдаж байгаа энэ үед авлигын хэргээр эцэг, эхчүүдээс ирсэн санал гомдол байгаа юу? 18 дугаар сургуулийн захирлыг шалгаж байгаа гэсэн мэдээлэл байсан.

-Сургууль, цэцэрлэгийн элсэлтийн үеэр хахууль, авлига авч байна гэсэн мэдээлэл жил болгон гардаг. Одоогоор энэ асуудлаар гомдол мэдээлэл ирээгүй байна.

-Эрүүл мэндийн сайд өөрийн ашиг сонирхлын дагуу хамаарал бүхий этгээдийг төрийн албанд томилсон гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч.

-Тухайн томилогдсон этгээд нь Эрүүл мэндийн сайдын хүүгийнх нь найз гэдэг нь тогтоогдсон. Зөвхөн энэ гэлтгүй холбогдох яамдууд дээр явагдаж буй томилгоо төрийн албаны тухай хуулийн дагуу нээлттэй сонгон шалгаруулалтаар томилогдох ёстой. Энэ мэтчилэн хуулийн хүрээнд шийдэгдэхгүй байгаа учраас бид Төрийн албаны зөвлөлд хандсан байгаа.

-МУИС-ийн удирдлагуудыг ямар үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн бэ?

-МУИС-ийн хэсэг багш нараас удирдлагуудтай холбоотой хэргээр өргөдөл, гомдол гаргасан. Үүн дээр Нийслэлийн Прокурорын газраас хэрэг үүсгэн шалгаж байгаа. Ямар нэгэн хүнийг сэжигтэнгээр тооцсон, яллагдагчаар татах тогтоол үйлдэгдсэн асуудал байхгүй. Хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлаар гомдол санал ирсний дагуу энэ асуудал шалгагдаж байгаа.

 

 

Санал болгох мэдээ

СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд …