Японы нийслэл Токио хотын төвийн гудамжаар автомат жолоодлоготой такси зорчигчдод үйлчилж эхэлсэн бөгөөд энэхүү тээврийн хэрэгслийг хоёр долоо хоногийн турш турших юм байна.
Уг тээврийн хэрэгслийг “ZMP” компани зохион бүтээсэн ба такси үйлчилгээний “Хиномару Коцу” компанитай хамтран ажиллаж байгаа ажээ. Энэхүү автомашин уулзвараар эргэх болон эгнээ шилжих зэрэг үйлдлийг автоматаар гүйцэтгэх хэдий ч шаардлагатай тохиолдолд жолооч ажиллаж байгаа юм байна.
“ZMP” компанийн удирдлагуудын мэдэгдсэнээр, энэхүү такси нь зорчигч тээвэрлэсэн дэлхийн хамгийн анхны автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэл болсон аж.
Уг компани нь 2020 онд Токиод Олимпийн болон Паралимпийн наадам болох үеэр автомат жолоодлоготой такси нэвтрүүлэхээр зориод байгаа юм байна. Одоогийн туршилтын загвар нь ирэх есдүгээр сарын 8 хүртэл зорчигдод үйлчлэх ажээ.