ОХУ-ын Газар зүйн нийгэмлэгийн дээд шагнал болох Оросын их эрдэмтэн С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн алтан медалийг Монгол Улсаас анх удаа академич Д.Доржготовт олголоо.
Энэхүү нэр хүндтэй шагналыг гардуулахаар ОХУ-ын Газар зүйн нийгэмлэгийн тэргүүн дэд ерөнхийлөгч, Москвагийн их сургуулийн Газар зүйн факультетийн ерөнхийлөгч, академич Н.С.Касимов тэргүүтэй төлөөлөгчид Монголд ирж өнөөдөр гардуулж өглөө.
Академич Д.Доржготов нь Монголд анх удаа хөрсний зургийг зохиосон, Монголын хөрсний ангиллыг анх удаа бүрэн дүүрэн боловсруулж тодорхойлолт өгсөн, Монгол орны хөрс газарзүйн мужлалыг анх удаа боловсруулсан, Монгол орны усны ай сав газруудын хөрсний ус, физик шинж чанар, Монгол орны хөрсний нөөцийг тодорхойлж,хөрсний ангилал, чанарын үнэлгээг анх удаа хийсэн эрдэмтэн юм.
Газарзүйн шинжлэх ухаанд шинэ нээлт хийсэн, онцгой бүтээл туурвисан эрдэмтэн судлаачдад С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн алтан медалийг хоёр жилд нэг удаа олгодог байна.
Академич, Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Д.Доржготов Монгол Улсад хөрсний газар зүйн судалгааг үндэслэгчдийн нэг Москваийн их сургуулийг энэ мэргэжлээр төгссөн анхны гурван хүний нэг юм. Тэрбээр ОХУ-ын Газар зүйн нийгэмлэгийн дээд шагналыг Ази тивээс хүртэж байгаа хоёр дахь хүн боллоо. Өмнө нь уг шагналыг Азиас БНХАУ-ын Хөрс судлалын хүрээлэнгийн эрдэмтэн хүртэж байжээ.