“Дэлхийн худалдааны байгууллагын /ДХБ/ үйл ажиллагаанд эерэг сайн өөрчлөлт гарахгүй АНУ тус байгууллагаас гарна” гэж Америкийн төрийн тэргүүн Дональд Трамп Блумберг агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
Түүний хэлснээр, ДХБ нь олон жилийн турш АНУ-д тун таагүй хандаж ирсэн бөгөөд тус байгууллагыг өөрчлөх шаардлагатай ажээ.
ДХБ-ын шаардлагыг үл ойшоох боломжийг АНУ-ын засаг захиргаанд олгох хуулийн төслийг Дональд Трампын засаг захиргаа Конгресст өргөн барихаар төлөвлөж байгаа тухай энэ оны долдугаар сарын эхээр Axios цахим портал мэдээлж байсан юм. Уг хууль батлагдсан тохиолдолд Америкийн ерөнхийлөгч Конгрессоос зөвшөөрөл авалгүйгээр импортын бараануудад гаалийн татварыг дангаар нэвтрүүлэх эрхтэй болох юм байна. АНУ-ын Конгресс дахь эх сурвалжийн мэдээлснээр, ийм хууль батлах нь ДХБ-аас гарсантай адилхан болох аж.
Дээрх мэдээлэл гарснаас хойш гурван долоо хоногийн дараа Дональд Трамп Европын комиссын тэргүүн Жан-Клод Юнкертэй яриа хэлэлцээ хийж, ДХБ-д шинэтгэл хийх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон байна.