АШУҮИС хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ

Монголын үндэсний ууган сургуулиудын нэг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль хичээлийн шинэ жилийн нээлтээ ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Тус сургууль нь 2018-2019 оны хичээлийн жилийг “Багшаа дээдлэн Оюутнаа хөгжүүлэх” жил болгон зарласан билээ. Саяхан тус сургуулийн захирлын орлон гүйцэтгэгчээр Анагаах ухааны доктор Ж.Цолмон томилогдож, ажлаа эхлүүлээд байна.


Тэгвэл шинэхэн удирдлагын зүгээс энэ хичээлийн жилд багш ажилчдад олгодог урамшууллыг 20 хувиар нэмэгдүүлэх, энэ хүрээнд цалин хөлсний бодлогыг шинэчлэх, “Орлогтой оюутан” хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг хэд хэдэн зүйлд онцгой анхааран ажиллахаар төлөвлөжээ. Хичээлийн шинэ жилийн нээлтэд Анагаахын салбарын зүтгэлтнүүд, багш ажилчид, оюутан суралцагчид хүрэлцэн ирсэн юм. Энэ үеэр захирлын Орлон гүйцэтгэгч, Анагаах ухааны доктор Ж.Цолмон,Боловсролын асуудал эрхэлсэн Тэргүүн дэд захирал, анагаах ухааны доктор, профессор Н.Сүмбэрзул нараас дараах зүйлсийг тодрууллаа.

Ж.Цолмон: Бид багш нарынхаа оюуныг улам чадваржуулж, нийгмийн асуудалд нь анхаарна

-Юуны өмнө хичээлийн шинэ жилийн нээлтийн баярын мэнд хүргэе. 2018-2019 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил хэр хангагдав?

-Сэтгүүлч та бүхнээр дамжуулан нийт суралцагчид, багш сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн мэргэд, боловсролын салбарын бүхий л алба хаагчдад хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэж, хамгаас сайн сайхныг хүсэн ерөөе. АШУҮИС өнөөдөр нийт 11997 суралцагчтайгаар хичээлийн шинэ жилээ угтаж байна. Манай сургууль долоон бүрэлдэхүүн, гурван салбар сургуультай. Өвлийн болон хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил 100 хувь хийгдэж, хичээллэх, ажиллах нөхцөл бүрдсэн байна.

-Сүүлийн үед танай сургуулийн багш нар жагсаал цуглаан зохион байгуулж, багш нарыг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэх мэдээлэл яваад байна. Энэ талаар албан ёсны байр сууриа илэрхийлээч?

-Тийм асуудал гарсан, тэнд манайхаас таван хүн л яваад байгаа юм. Түүнээс бус олонд ташаа хүрч байгаа мэдээлэл шиг зүйл бодит байдал дээр байхгүй. Үүнээс аж ахуйн дарга, аж ахуйн мэргэжилтэн хоёр бий. Энэ аж ахуйн хоёр ажилтны хувьд тодорхой чөлөөлөгдөх үндэслэлтэйгээр ажлаас чөлөөлөгдсөн. Анагаах ухааны сургуулийн тэнхимийн эрхлэгч, Био анагаах ухааны сургуулийн багш, Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш гэсэн гурван хүн ажлаа хийж байгаа. Манай багш нар наймдугаар сарын 31 хүртэл амарч байгаад ажилдаа орсон, багш нарыг амарч байхад нь ажлаас халах тийм үндэслэл ч байхгүй. Ерөөсөө манай сургууль өөрөө эрдэмлэг орчин. Энэ сургуульд байгаа хүн бүхэн сургуулийн хөгжил дэвшилд хэрэгтэй. Тиймээс бид багш нарынхаа оюуныг улам чадавхижуулах тал дээр анхаарч ажиллана. Үүнээс гадна багш нарынхаа нийгмийн асуудалд анхаарал хандуулан ажиллах төлөвлөгөөтэй ажлаа эхлүүлсэн. Тэр багш нар маань өнөөдөр энэ нөхцөл байдал, ажлын чиг шугамыг ойлгосон байх гэж бодож байна.

-Шинээр томилогдсон захирал багаа бүрдүүлэх үүднээс халаа сэлгээ хийлээ гэх мэдээлэл ч байсан?

-АШУҮИС-ийн багш нар зарим нь хоёроос гурван давхар ажил хашиж байсан. Жишээлбэл, Д.Ангармөрөн багш Шинжлэх ухаан технологийн газрын даргын албыг хавсран ажиллаж байсан. Тэгэхээр үндсэн багш маань 100 хувийн цагтай, дээр нь Шинжлэх ухаан технологийн гэх том газрыг удирдаад аваад явна гэхээр ажлын ачааллаас эхлээд олон асуудал үүсдэг. Багш нар маань оюутнуудаа сургах үйлсэд өөрийнхөө эрдэм мэдлэг, ажлын цагаа 100 хувь зориулан ажиллах ёстой. Тиймээс би Д.Ангармөрөн багшийг газрын даргын албан тушаалаас нь чөлөөлсөн, одоо үндсэн багшаараа ажиллаж байна. Мөн Оюутны албаны даргыг хавсарч байсан багшийг албанаас нь чөлөөлж үндсэн багшаар нь ажиллуулсан. Өөр ямар нэг халаа сэлгээ хийсэнгүй.

Н.Сүмбэрзул:Манай суралцагчдад Европын холбоо, хойд Америкийн зах зээлд ажиллах бүрэн боломж бий

-Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. Танай сургууль энэ хичээлийн жилийг ямар төлөвлөгөө, ямар амжилттай угтаж байна вэ?

-Баярлалаа. Энэ хичээлийн шинэ жил өөрөө ихээхэн онцлогтой. Яагаад гэхээр энэ жил сургуулийн хичээлийн бааз болох сургалтын эмнэлэг үүдээ нээнэ. Сургалтын бааз эмнэлэгтэй болно гэдэг төгсөлтийн дараах сургалтын чанарт ахиц гарна гэсэн үг. Нөгөө талаар төгсөж байгаа болон суралцаж байгаа оюутнуудаа АНУ-ын их дээд сургуулиуд дээр дадлагажих, эмнэл зүйн сургалт хийлгэхээр гэрээ хэлцлийн шатанд явж байна. Ингэхээр манай суралцагчдад Европын холбоо, хойд Америкийн зах зээл дээр гарч ажиллах бүрэн боломж бий боллоо.

-Багш нарын оюуны чадавхийг өндөрт өргөж, сайжруулах тал дээр анхаарч ажиллахаар төлөвлөсөн тухай Ж.Цолмон захирал дурдсан. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?

-Багшийн хөгжлийн талаар ч тодорхой ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Тухайлбал, Харвардын их сургуультай хамтраад өмнө нь хэрэгжүүлж байсан хөтөлбөрөө илүү өргөн хүрээнд авч үзээд ажиллах чиг шугамтай байгаа. Багш нараа өндөр хөгжилтэй орнуудад сургах гэрээ хэлцэл хийнэ. БСШУСЯ-аас энэ жилийг “Багшийн хөгжлийн жил” болгон зарласан. Энэ үүднээс багш нараа дэмжихээр төлөвлөгөө гаргаж, 2018-2019 оны хичээлийн жилийг “Багшаа дээдлэн оюутнууд хөгжүүлэх” жил болгон зарлаад байна.

 

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …