Идлиб муж руу болчимгүй халдлага хийхгүй байхыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сирийн удирдагч Башар ал-Ассадад даваа гарагт анхааруулсан байна.
“Ерөнхийлөгч Башар аль-Ассад Идлиб муж руу болчимгүй халдлага хийх ёсгүй. Үүнд оросууд болон иранчууд оролцох аваас хүмүүнлэгийн асар том гамшиг болно. Олон мянган хүний амь үрэгдэж болзошгүй. Ийм зүйлийг хүлээн зөвшөөрч болохгүй” гэж Д.Трамп твиттер хуудсандаа бичжээ.
Турктай хил залгаа оршдог Идлиб мужид Сирийн 3 сая гаруй иргэд амьдардаг боловч Ассадын цэргийн хүчний дайралтаас дайжин тэдний ихэнх нь өөр бусад хотууд руу дүрвэхээс аргагүйд хүрсэн байна.
Өнгөрсөн тавдугаар сард Казахстаны нийслэл Астана хотод болсон энхийн хэлэлцээний дагуу тус мужийг “халдлага, довтолгоо үйлдэхийг хориглосон бүс” болгосон билээ.
Тус бүс нутагт томоохон дайралт болж магадгүй хэмээн болгоомжилж байгаагаа Герман болон Франц улс өчигдөр буюу даваа гарагийн өглөө илэрхийлжээ.
Үүний зэрэгцээ, “Ал-Нусра” болон “Хаят Тахрир ал-Шам” бүлгүүдийг Идлиб мужаас бүрмөсөн арчин зайлуулах ёстой” гэж Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зариф даваа гарагт Сирийн нийслэл Дамаск хотод Сирийн асуудлаарх дээд хэмжээний гурван талт уулзалтад оролцохоор ирэхдээ мэдэгдсэн байна.