Бразилийн ерөнхийлөгчийн сонгуульд хэт барууны үзэлтнүүдийн намаас нэр дэвшигч Жаир Болсонаро-г сонгуулийн кампанит ажлаа явуулж байх үеэр нь хутгалж шархдуулсан хэрэг гарчээ.
Дүрс бичлэгээс харахад, Ж.Болсонаро өмнөд нутгийн Минхас Гервайс мужийн Жуиз де Фора хотын дэмжигчдийнхээ мөрөн дээр гараад олны дунд явж байх үед нь гэмт этгээд урдаас нь хутгалсан байна.
Бразилчуудын дунд “Бразилийн Трамп” гэгддэг түүнийг ойролцоох эмнэлэгт яаралтай хүргэсэн байна.
“Харамсалтай нь, аавын минь биеийн байдал бидний бодож байснаас илүү хүнд байна. Түүний уушги, элэг, нарийн гэдсэнд мэс хүрч гэмтээсэн байна. Тэрбээр маш ихээр цус алдсан ба эмнэлэгт ирэхдээ бараг л амьгүй байсан бол одоо биеийн байдал нь тогтвортой боллоо. Залбирах л үлдлээ” гэж Ж.Болсонарогийн хүү Флавио Болсонаро твиттер хуудсандаа бичсэн байна.
“Эмнэлэг ойр байгаагүй бол аав минь амиа алдаж магадгүй байлаа” гэж өөр нэгэн хүү нь болох Эдуардо Болсонаро ярилаа.
Бразилийн холбооны цагдаагийн газрын төлөөлөгчийн мэдээлснээр, нэг этгээдийг баривчилж, түүнээс байцаалт авч байгаа аж.