Олон улсын сэтгүүлчдийн төвийг Улаанбаатар хотод байгуулна

2010 оноос хойш жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Хятад, Монгол хоёр орны сэтгүүлчдийн форум арга хэмжээ энэ жил Өмнөговь аймагт зохион байгуулагдлаа. Форумын эхэнд Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хоёр том санаачлагыг дэвшүүлсэн юм.

Үүнд:

-2020 онд Монгол, Хятад, Оросын хэвлэл мэдээллийн хамтарсан анхдугаар форумыг зохион байгуулах,

-Улаанбаатар хотноо байгуулах Сэтгүүлчдийн ордонд Олон улсын сэтгүүлчдийн төв байгуулах байв.

Эдгээр санаачлагыг форумд оролцогчид дэмжиж, ажил хэрэг болгоход анхаарч ажиллах хэрэгтэй гэдэгтэй санал нэг байлаа. Хоёр орны 180 орчим сэтгүүлчид өнгөрсөн есөн удаагийн форум арга хэмжээг дүгнэж, ирэх жил зохион байгуулагдах 10 дахь удаагийн форумд ач холбогдол өгөв.

Учир нь ирэх жил Монгол, Хятад хоёр улсын найрамдалт харилцаа тогтоосны 70 жил, хоёр улсын сэтгүүлчдийн байгууллагын хамтын ажиллагааны 10 жилийн ой болох юм. Тиймээс ч 10 дугаар форумд өндөр ач холбогдол өгч байгаагаа оролцогчид хэлэв. Хоёр улсын төрийн зүгээс сэтгүүлчдийн форумд онцгой анхаарлаа хандуулж байгаагаа илэрхийлсэн. Тухайлбал, Монголын талаас УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ирж мэндчилгээ дэвшүүлж, форумд оролцогчидтой санал бодлоо хуваалцсан бол Хятадын талаас тус улсын төрийн зөвлөл, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар, Хэвлэл мэдээллийн албаны төлөөлөгчид ирж, оролцон форумын жилээс жилд өргөжиж буй чансааг илтгэлээ. Ирэх жилийн форум БНХАУ-д зохион байгуулагдана. Монголын Соёлын өдрүүд ч зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн. Тиймээс энэ форумаас гарсан санал, зөвлөмжийг ажил хэрэг болгох, дүгнэх үйл ажиллагаа хоёр улсын сэтгүүлчдийн 10 дугаар форум дээр хэлэлцэгдэх, дүгнэгдэх юм.

Хоёр улсын сэтгүүлчдийн байгууллага, уран бүтээлчид хамтран алдарт “Цайны зам”-ын талаар Азид төдийгүй дэлхийд гайхагдсан баримтад кино, нэвтрүүлэг бэлтгэх талаар сонирхолтой яриа өрнөлөө. Цаашдаа энэ чиглэлээр хоёр улсын сэтгүүлчид хамтран илүү далайцтай, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээл туурвих нь хамтын ажиллагааны гол чиглэл зорилго байх юм. Мөн энэ хүрээнд Монгол улсаас жил бүр 10 сэтгүүлч БНХАУ-ын их, дээд сургуульд мэргэжил дээшлүүлдэг болох саналыг МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр дэвшүүлсэн бөгөөд Хятадын тал энэ саналыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

Өөрөөр хэлбэл их гүрний соёл, боловсролоос манай сэтгүүлчид суралцах, мэргэжил дээшлүүлэх, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээл туурвих боломж үүд хаалга нээгдэж байгаа баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн цаашлаад гурван улсын эдийн засгийн коридорыг төрийн төвшинд хэлэлцэж байх үеэр гурван улсын хэвлэл мэдээллийн байгууллагынхан цуглаж, хамтран ажиллах, харилцан ашигтай саналуудыг ярилцах боломж бүрдэхээр болж байна. Зөвхөн Монгол, Хятад гэхгүй Оросын хэвлэл мэдээллийн байгууллагынхан оролцож, мөнхийн хөрш гурван улсын хэвлэлийн салбарынхан хамтран ажиллаж, дэлхийд нэг дуугаар мэдээ мэдээллээ түгээн нэвтрүүлэх цаг үе ойртсоор байна. Үүний эхлэл нь 2010 оноос хойш хамтран ажиллаж байгаа Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн байгууллага санал, санаачлага юм.

Удахгүй баригдах Монголын сэтгүүлчдийн ордонд Олон улсын сэтгүүлчдийн төв байгуулагдаж, Монголын тухай дэлхийд мэдээлж, дэлхий Монголыг сонсдог болно. Энэ бол бидний дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх, хөгжих, хөрөнгө оруулалт татах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, жижиг дунд бизнесээ өргөжүүлэх боломжуудын нэг түлхэц болно гэж харж байна.

2020 онд “Цайны зам” төслийн 340 жилийн ой тохионо. Мөн Монгол, Орос, Хятад улсын төрийн тэргүүн, Засгийн газрын удирдлагууд эдийн засгийн коридорын асуудлаар дээд төвшний уулзалт хэлэлцээрүүдийг хийнэ. Энэ бүгдээс харахад сэтгүүлчдийн форум арга хэмжээ хуралдаад тардаг бус үр дүн, тодорхой санал санаачлага, ажил дэвшүүлсэн харилцан ашигтай уулзалт болдог нь  харагдлаа.

Мэдээж ярьсан зүйлс, дэвшүүлсэн санал, санаачлагыг ажил хэрэг болгох нь чухал.  Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хувьд есдүгээр форумаас гарсан санал, санаачлагыг ажил хэрэг болгох үүрэг аваад үлдлээ. Харин энэхүү үүрэг даалгавраа ирэх жилийн буюу 10 дугаар форум дээр тайлагдаж, хоёр бус гурван улсын сэтгүүлчид ширээ тойрч суугаад асуудлаа, ололт амжилтаа ярьдаг болно гэдэгт итгэж байна.


Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …