Манай улсад ямар сошиал медиа буюу нийгмийн сүлжээг түлхүү ашиглаж байна вэ? гэдэг асуулт танд төрж байсан бол хэдэн тоон мэдээг хамтдаа харцгаая.
Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газраас анх 2012 оны 6 дугаар сарын байдлаар 417,000 хүн Фэйсбүүк хэрэглэж байгааг тайлагнажээ.
Насны ангиллаар нь авч үзвэл 15-34 насныхан идэвхтэй хэрэглэж байв. Судалгаа, зөвлөх үйлчилгээний “MMCG” ХХК-ийн 2014 оны Үндэсний брэнд, медиа хэрэглээний судалгаагаар 1.1 сая Фэйсбүүк хэрэглэгчтэй болж, хурдтай тоо нь нэмэгдсээр байлаа. Тухайн үед интернет хэрэглэгчдийн өргөн хэрэглэж байгаа нийгмийн сүлжээний 94 хувь нь Facebook, 60 хувь нь Youtube, 15 хувь нь Instagram, 14 хувь нь WeChat, 12 хувь нь Twitter, 11 хувь нь Viber, 1 хувь нь Linkedin ашигладаг байв.
2018 оны 7 дугаар сард нийгмийн сүлжээг хэрхэн ашиглаж байгааг харвал 63.29 хувь нь Facebook, 20.71 хувь нь Youtube, 2 хувь нь Instagram, 9 хувь нь Pinterest, 3.53 хувь нь Twitter, 0.4 Tumblr ашиглаж байна.
Өнгөрсөн оны 12 дугаар сарын байдлаар нийт 1.9 сая Фэйсбүүк хэрэглэгчтэй болжээ. Манай улсад хүн амын талаас илүү нь Фэйсбүүк хэрэглэж байгаа төдийгүй дэлхийн 4 хүний 1 нь хэрэглэдэг болсон байна. Жилээс жилд өсвөр үеийнхний хэрэглээ, цахим орчинд хүнтэй танилцах нь улам өргөжиж байна. Жишээлбэл, судалгаагаар өсвөр үеийнхний 60 орчим хувь нь ямар нэгэн байдлаар онлайн орчинд танилцсан нэг найзтай, тэдний найзын 20 хувь нь огт нүүр тулж уулзаагүй хүмүүс байдаг аж.ФЭЙСБҮҮКИЙН ХУУРАМЧ ХАЯГ ЭСЭХИЙГ ДАРААХ БАЙДЛААР ШАЛГААРАЙ
Найдваргүй эсвэл эргэлзээтэй, сурталчилгаагаар дүүрсэн веб сайт байнга хуваалцах: Хуурамч хаягаас гол төлөв ямар нэгэн веб сайт руу таныг орохыг уриална. Орсон веб сайт нь зар сурталчилгаа үзүүлдэг, тухайн веб сайтад хэдэн хүн нэвтэрч, зар үзсэнээр төлбөр авдаг тохиргоотой байх нь элбэг. Хүмүүс ийм веб сайтыг хуваалцдаг ч гэсэн өдөр бүр байнга Share товч дардаггүй.
Олон нийтийн групп дээр зараа их хуваалцдаг бол шалгахад гэмгүй. Жишээлбэл, Facebook search page хэсэгт “Posted by” багана дор “choose a source” үйлдлийг сонгож, хуурамч байж магад хэмээн эргэлзэж байгаа этгээдийг оруулаад үзээрэй. Байнга зар оруулдаг, ойлгомжгүй хэлээр бичдэг, өөрийнхөө болон холбоо барих мэдээлэл оруулаагүй, эх сурвалжаа дурдаагүй бол хуурамч хаяг байх магадлал маш өндөр шүү.
Нэр болон хаяг зөрөх: Хуурамч хаягууд дунд нийтлэг байдаг өөр нэгэн шинж бол оноосон нэр, URL хаяг шууд зөрдөг. Жишээлбэл, https://www.facebook.com/bataa.bayar гэсэн URL хаягтай мөртлөө Эрдэнэт хотод амьдардаг, эмэгтэй хүний цээж зураг оруулсан “Цэцэгээ Цээгий” гэсэн нэртэй байж болно. Хэдийгээр зарим хүн өөрийн хоч нэр, эсвэл зохиомол нэр ашиглах боломжтой ч хоорондоо уялдаа холбоогүй, тэс хөндлөн байх тусам хуурамч байх магадлал нэмэгдэнэ.
Агуулгаа гэнэт өөрчлөх эсвэл тэс хөндлөн зүйлс оруулдаг болох: Олон хуурамч хаяг өмнө оруулж байсан зүйлсээс огт ялгаатай зүйлийг оруулах, хуваалцах нь харагдана. Байгалийн үзэсгэлэнт зураг, ардын дуу бүжиг зэргийг хуваалцаж байснаа сонгууль, улс төрийн үйл явц, намын тухай агуулга оруулбал эргэлзэх ёстой. Мөн оруулсан зураг, бичсэн постыг он цагийн дарааллаар гүйлгэж хараарай. Хамгийн анх оруулж байсан болон сүүлд оруулсан үеийг харьцуулаарай. Найзуудын жагсаалтыг ч ашиглаж болно. Хуурамч хаягтай хүмүүс огт өөр улсын найзуудтай байснаа гэнэт монгол найзтай болж магад. Үүний зэрэгцээ хаана байсан, ямар группд байдаг, юунд дуртай эсэхийг давхар нягтлаарай.
Агуулга, зураг, харилцаа байхгүй байх: Хуурамч хаягтай хүмүүс хувийн зургаа оруулахгүй, огт хамааралгүй эсвэл өөрийг нь илэрхийлэх хувийн шинж агуулаагүй буюу байгаль, машин, барилга зэргийн зураг ашигладаг. Алдартай хүн, жүжигчин, нүцгэн бүсгүй гэх мэт цээж зурагтай ч байж магад. Ямар нэгэн амьд харилцаж, хүмүүсийн бичсэн сэтгэгдэлд хариулаагүй, огт хариу бичээгүй байх нь нийтлэг байдаг.
Өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаагүй байх: Хуурамч хаяг хийхдээ хүмүүс залхуурдаг тул алдартай хотод амьдардаг, ажилладаг мэт харуулах, хүмүүсийн дунд сайн мэдэх сургууль, албан газрыг илүүтэй сонгодог.
Өөр хүмүүсийн зураг, нэрийг ашигласан байх: Бусад хүнд илүү үнэмшилтэй, найдвартай харагдахын тулд алдартай хүмүүсээс эхлэн жинхэнэ хүмүүсийн хаягаас авсан зураг, мэдээллийг хуулбарлан оруулдаг. Үүнээс сэргийлэхийн тулд ижил нэртэй хэрэглэгч байгаа эсэхийг нягтлах, адилхан зурагтай хүн байгаа бол хаягийг харьцуулж үзээрэй.
Өөр хуурамч хаягтай холбоотой байх: Хуурамч хаягтай хүмүүс жинхэнэ гэж харуулахын тулд хувийн мэдээллээ хамтран ажилладаг, хамаатан садан, холын төрөл гэж зургаа оруулах, пост хийсэн байж болно. Эсвэл хамтдаа байсан мэтээр tag хийж, нэг нэгнээ Like дарах, Share хийх үе ч бий.
ЗӨВЛӨМЖ
-Хуурамч хаягийг автомат тохиргоотой бот эсвэл далд бодол тээсэн хүмүүс шинээр нээдэг. Ямар нэгэн байдлаар харилцан адилгүй чийрэг залуу, гоо бүсгүйн зураг оруулсан бол бот автоматаар хуурамч хаяг хийжээ хэмээн найз битгий болоорой.
-Өөрийн амьдралыг харуулах зургийг тухайн хэрэглэгч тэр бүр оруулаагүй эсвэл итгэл төрөхөөргүй хувийн намтар бичсэн бол найзын хүсэлтийг хүлээн авахгүй устгаарай.
-Бот найзын хүсэлтийг хүлээн авдаг ч чатаар зурвас тэр бүр бичдэггүй. Өөртөө итгэлгүй бол зурвас бичээд, ямар хариу ирэхийг хараарай.
-Шинэ найз чинь тэр бүр пост бичдэггүй, хэдэн Like дарсан байвал хуурамч хаяг гэж тооцоорой.
-Зурвас бичсэн, ямар нэгэн байдлаар хувийн мэдээллийг асуусан бол шууд хариулахгүй байгаарай.
-Хуурамч хаяг гэж мэдсэн даруй Report үйлдлийг хийгээрэй.
-Хэрэв Facebook ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол шууд найз байхаа болиорой.
-Байн байн нэг асуултаа асуувал харилцаагаа шууд таслаарай. Жишээлбэл, “Чамайг нүцгэнээр нь хармаар байна”, “Надад усанд орсны дараах зургаа явуулаач”, “Хамтдаа болзмоор байна” гэх мэт.
Айдас, дарамт төрвөл гэр бүл доторх насанд хүрсэн хүнд юу болж байгааг хэлээрэй.
Бүр аймаар санагдвал цагдаад хандаарай.
-Хуурамч хаягтай тааралдана хэмээн хүүхдийнхээ хаягийг устгахаас илүүтэйгээр хэрхэн найзын хүсэлтийг нягтлах талаар ярилцаарай.
Эх сурвалж: Харилцаа, Холбооны Зохицуулах Хороо