УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Янгугийн Содбаатарыг Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаалд томиллоо.
Чуулганы хуралдааны үеэр Зам тээврийн, хөгжлийн сайдад нэр дэвшигч Я.Содбаатараас гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:Зам тээврийн, хөгжлийн сайдад нэр дэвшигч Я.Содбаатарыг дэмжиж байгаа. Цаашид зам тээврийн асуудал ялангуяа нийслэлийн замын түгжрэлийн асуудалд анхаарч ажиллаарай.
УИХ-ын гишүүн Б.Ундармаа:Яамдын төрийн албан хаагчдыг чадваржуулах шаардлагатай байна. Мөн түгжрэл, гэр хорооллын замын асуудалд анхаарч ажиллахыг хүсье. Энэ чиглэлд хийж хэрэгжүүлж байсан өмнөх сайдын ажлыг үргэлжлүүлж ажиллана гэдэгт найдаж байна.Том том төсөл хөтөлбөрүүддээ анхаарахаас гадна бусад жижиг асуудлуудад ч гэсэн анхаарал хандуулж ажиллаарай.
Зам тээврийн, хөгжлийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ:Зам тээврийн, хөгжлийн сайдад нэр дэвшигч Я.Содбаатарын ажилд нь амжилт хүсье. Я.Содбаатар өмнө нь агентлагийн даргаар ажиллаж байсан мөн дэд сайд хийж байсан гээд төрийн ажлын туршлагатай. Тиймээс зам тээврийн салбарын асуудалд анхаарал хандуулж энэ салбарт ажиллах боломжтой гэж хувьдаа үзэж байна. Хэд хэдэн асуудалд анхаарал хандуулж ажиллаасай гэж хүсэж байна. Юуны өмнө боловсон хүчний асуудалд маш сайн анхаарч ажиллаарай. Одоо тантай хамт Төрийн нарийн бичгийн дарга сонгогдоно. Төрийн нарийн бичгийн даргын томилгоонд гоц анхаарах ёстой шүү. Дахиад намчирхсан эсвэл хэн нэгний түлхээс хатгаасаар орж ирэх хүн авмааргүй байгаа юм. Энэ салбараа мэддэг, дотоод үйл ажиллагаа мэддэг, төрийн зарчимч хүн авч ажиллуулаарай. Салбарт хийж хэрэгжүүлсэн маш олон ажил бий. Өмнөх засгийн үед хад мөргөөд гацаж байсан олон ажлын бид богино хугацаанд эхлүүлсэн. Энэ бүхнийг үргэлжлүүлж ажиллаарай.
Харин О.Баасанхүү гишүүн ЗТХ-ийн сайдад УИХ-ын гишүүн бус, мэргэжлийн хүнийг томилох хэрэгтэй гэсэн санал хэлээд, нислэгийн тасалбарын үнийг бууруулах, автозамын түгжрэлийг бууруулах чиглэлд ямар бодлого баримтлахыг тодрууллаа.
Нэр дэвшигч Я.Содбаатар “Онгоцны тасалбарын үнийг бууруулах чиглэлээр ЗТХЯ-наас бодлого гарган хэрэгжүүлж байгаа. Үүнд агаарын тээвэрлэгчдийн зардлыг бууруулах нь нэн чухал. Өөрөөр хэлбэл, шатахууны үнтэй холбоотой гэсэн үг. УИХ-аас агаарын тээврийн салбарт либералчлал хийх шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана.
Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулахад нийтийн тээврийн хөгжил чухал үүрэг гүйцэтгэнэ. Нийтийн тээврийн хэрэгслийн насжилт, замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэхээс эхлээд олон асуудал бий. Нөгөөтэйгүүр шинээр барьж буй гүүр, давхар гарцын ажуулыг цаг тухайд нь ашиглалтад хүлээн авахад анхаарах болно” гэлээ.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.8 хувь нь Я.Содбаатарыг ЗТХ-ийн сайдаар томилохыг дэмжлээ.
Я.Содбаатар нь 1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 10 жилийн I дунд сургууль, 1997 онд Улаанбаатар их сургууль Физикч-инженер мэргэжлээр, 2004 онд Удирдлагын академи тус тус төгссөн. Англи, Орос хэлтэй.
Ажилласан байдал:
1997-1999 онд ШУА-ийн харъяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
1999-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоонд нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга
2005-2006 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх
2006-2008 онд Үйлдвэр худалдааны дэд сайд
2009-2010 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, дарга
2010-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн