1999 оноос эхлэн боловсролын салбарт тасралтгүй 20 жил үйл ажиллагаа явуулсан “Сакура” олон улсын сургууль 20 жилийн ойн босгон дээрээ их бүтээн байгуулалтын аян өрнүүлж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт шинэ сургуулийн барилгаа өнгөрсөн Бямба гаригт ашиглалтад орууллаа.
“Сакура” олон улсын сургуулийн шинэ байрны нээлтийн үйл ажиллагаанд “Сакура” олон улсын сургуулийн ТУЗ-ын дарга Т.Баясгалан, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Кёкшүзан Д.Батбаяр болон сургуулийн удирдлагууд оролцлоо.
Сургуулийнхаа шинэ барилгын нээлтэд хүрэлцэн ирсэн сурагчид, эцэг эхчүүд, хүндэт зочдод “Сакура”сургуулийн авьяаслаг сурагчид сургуулийнхаа нэрэмжит дууг дуулан мэндчилгээ дэвшүүллээ.
“Сакура” олон улсын сургуулийн ТУЗ-ын дарга Т. Баясгалан шинэ байрны нээлтэд хэлсэн үгэндээ ““Сакура” олон улсын сургуулийн 20 жилийн ойд зориулсан их бүтээн байгуулалт, сургуулийн нээлтэд цаг зав гарган хүрэлцэн ирсэн та бүхэнд талархаж байгаагаа илэрхийлж байна. Манай сургууль 1999 онд анх байгуулагдсанаасаа хойш дөрвөн удаа бууриа сэлгэсэн түүхтэй. Шинэ байртай болохоосоо өмнө “River garden”-ын “Time square” хотхонд дөрвөн давхар байшинд үйл ажиллагаагаа явуулж байлаа. Хүүхдүүд маань олон болж, өргөжихийн хэрээр шинэ байр бидэнд зайлшгүй хэрэг болсон. Өнөөдөр ингээд шинэ, сайхан сургуультай болж байгаад баяртай байна. Улсын сургуулийн стандартаар тооцож, хоёр ээлжээр хичээллэвэл 2300 хүүхэд хичээллэх хүчин чадалтай. Бид сургуульдаа мэргэжлийн хичээлээс гадуур үйл ажиллагаа явуулах боломжтой бүх сүүлийн үеийн дэвшилтэт технологи, лаборатори, дугуйлан нээсэн байгаа. Үүнээс гадна урлаг, спортын заал, шатар, балет гэх мэтчилэн бүх ангиуд өөр өөрийн гэсэн онцлогтой. Манай хамт олон бүгдээрээ сэтгэл, хүчээ нэгтгэж, сургуулийнхаа барилгыг богино хугацаанд амжилттай барьж дуусгасандаа баяртай байна” хэмээлээ.
Сургуулийн хөрөнгө оруулалтыг Кёкүшю групп хийсэн байна. Энэ талаар Кёкшүзан Д.Батбаяр “Кёкүшю групп өнөөдрийг хүртэлх хугацаанд олон салбарт хөрөнгө оруулалт хийлээ. Би сүмогийн сургуульд суралцаж байхдаа япон хүүхдүүдийн соёл, ухамсар, хүмүүжлийг монгол хүүхдүүддээ яаж нэвтрүүлэх вэ гэдэг талаар их боддог байлаа. Сүмогоос зодог тайлж, Монголдоо ирснийхээ дараа ч энэ тухай бодож, сургууль байгуулах боломж гарах байх гэж итгэдэг байлаа. Энэ мөрөөдөл, зорилгоо биелүүлж, “Сакура” олон сургууль байгуулагдсан.
Өнөөдөр 20 жилийн ойтойгоо золгож буй сургуулийнхаа хөрөнгө оруулалтыг шийдэж, сурагчдаа шинэ байртай болгосондоо туйлын их баяртай байна. Хотын утаа болон түгжрэлээс хол Яармагийн дэнжийг сонгон, бид нүүж ирлээ. 2500 гаруй хүүхэд хичээллэх хүчин чадалтай, япон стандарттай энэхүү сургуулийг ашиглалтад оруулж, хүлээлгэн өгч байгаа маань их сайхан санагдаж байна. Хамгийн гол нь бодож явсан зүйлс минь бүтсэнд миний хувьд маш их бахархалтай байна” гэсэн юм.
Тус сургууль нь суралцагч нарынхаа оюун ухаан, бие бялдар, авьяас билгийг нээн хөгжүүлэхэд бүрэн дэмжлэг үзүүлэхүйц сургалтын орчинг бүрдүүлж Дэлхийд гайхагдах Япон хүмүүжил, Дэлхийд тэргүүлэгч Америк хөтөлбөрөөр, Дэлхийд өрсөлдөх Монгол хүнийг бэлдэх зорилготойгоор зорин ажилладаг аж.
“Сакура” олон улсын сургуулийн сургалтын менежер С.Отгонпүрэв“ Манай сургууль Англи хэл, Япон хэл, Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай бөгөөд Англи хэл, Япон хэлний сургалтыг хөтөлбөрийг хослуулж явуулдаг,Мөн Япон Улсын сурагч солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлдэг гэдгээрээ онцлогтой.
Сургуулийн давуу тал гэвэл нэгдүгээр ангиас эхлэн гадаад хэлний хичээлүүдийг нэмэлтээр судалдаг. Түүнчлэн IQ, Математик, Геометрийн хичээлүүдийг танхимын аргаар судалдаг байгаа” гэв.
Хүүхдийн зөв хүмүүжил, эрдэм мэдлэг, шинжлэх ухаанаас гадна спорт, урлаг чухал нөлөө үзүүлдэг.Тиймээс “Сакура” олон сургууль суралцагч нартаа зориулж, сүүлийн үеийн стандарт шаардлагыг хангасан спорт заал, урлагийн танхим болон, бүжиг, шатрын танхим, IQ cургалт гэх мэт бүхий л төрлийн сургалт дугуйлангийн анги танхимаар бүрэн хангаж өгчээ.
Г.Нараа