Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нийслэлийн төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын баталгаажилтын байдалд эрүүл ахуй халдвар хамгаалал, хүнсний чанар стандартын чиглэлээр хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ.
Шалгалтад ерөнхий боловсролын төрийн өмчийн 120 сургууль, тэдгээрийн дэргэдэх 129 хоолны газрыг хамруулжээ.
НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Шалгалтад хамрагдсан төрийн өмчийн сургуулиудын 64.3 хувь зориулалтын байранд цайны газрын үйл ажиллагаа явуулж байгаа бол 35.5 хувь нь зориулалтын бус байртай , 6.6 хувь нь цайны газаргүй байна.
Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийхэд 75.6 хувь нь хүнсний бүтээгдэхүүний нийцэл, шаардлага хангасан цэстэй байна гэж дүгнэлээ.
Цайны газруудын 75 хувь нь ажлын байрандаа мэргэжлийн хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулаагүй байна.
Шалгалтын явцад илэрсэн зөрчлүүд:
Үдийн хоол, үдийн цайны үйл ажиллагаа явуулж байгаа газрууд ажлын байрандаа мэргэжлийн хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулах ёстой. Гэтэл дүгнэлт гаргуулахгүй байх тохиолдол түгээмэл илэрлээ. Тодруулбал, БГД-ийн “Эрдмийн ундраа”, “Оюуны ундраа” цогцолборууд, “Монген”, “Шинэ эрин” сургуулиуд, 141, 73, 51 дүгээр сургууль, БЗД-ийн 53, 127, СХД-ийн “Ирээдүй” цогцолбор, СБД-ийн 25, 45, 71, ХУД-ийн 34, 60, 75, 115, 130, 32 дугаар сургуулиуд мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гаргуулахгүй үйл ажиллагаа явуулж байна.
Сургуулийн орчинд хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдаалахгүй байх БСШУС-ын сайдын тушаалын хэрэгжилтийг шалгалтын явцад мөн хяналаа. Ингэхэд 23, 49 дүгээр сургууль дээр хиамтай кимбаб, 30, 50 дугаар сургууль дээр хиамтай ороомог, 39, 72, 37, 50, 26, 32, 34, 41, 59, 114, 118 дугаар сургууль дээр чихэр, шоколад худалдаалж байсан зөрчил илэрлээ.
Шалгалтад хамрагдсан сургуулиудын 35.4 хувь нь үдийн цайгаар авбал зохих шимт бодисыг тооцохгүй байна.
Ингээд шалгалтын явцад нийт 847 гаруй зөрчил илрүүлж 56.7 хувийг нь газар дээр нь арилгуулах арга хэмжээ авч, 44 байгууллагад улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэн, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна. Мөн зөрчлийн тухай хуулийн дагуу 14 хуулийн этгээдэд 9.4 сая төгрөгийн торгох шийтгэл ногдуулж, барагдуулах арга хэмжээ авсан” гэв.