Анагаахын чиглэлээр жил бүр 10 оюутан Японд тэтгэлгээр суралцана

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Японы Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн ТУЗ-ийн Тэргүүлэгч, ноён Күнинори Такаги нар өнөөдөр Япон Улсын Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн тэтгэлгийг монгол оюутнуудад олгох харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Японы Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн ТУЗ-ийн Тэргүүлэгч, ноён Күнинори Такагитэй уулзахдаа манай улсын эрүүл мэндийн салбарт ажиллах нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд Японы талаас дэмжлэг үзүүлэх саналаа албан ёсоор илэрхийлсэн бөгөөд хүсэлтийн дагуу ирэх таван жилийн хугацаанд Япон Улсын Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн тэтгэлгээр монгол оюутнуудыг хүлээн авч, суралцуулах болсноо мэдэгдсэн.

Санамж бичигт гарын үсэг зурах үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа “Санамж бичиг, гэрээний ач холбогдлыг өндрөөр үнэлж байна. Учир нь жил хүрэхгүй хугацааны дараа Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Япон-Монголын сургалтын эмнэлгийг бид хүлээн авна. Тус эмнэлэг хамгийн орчин үеийн шийдэлтэй, орчин үеийн техник технологитой эмнэлэг байх нь дамжиггүй. Энд Японд анагаахын чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн монгол залуусыг ажиллуулахыг бид зорьж байна. Гэрээний үр дүнд нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд бэлтгэгдэн ирж энэхүү зорилтыг биелүүлэхэд ихээхэн дорвитой хувь нэмэр болно гэдэгт эргэлзэхгүй байна. Энэхүү тэтгэлэгт хамрагдах оюутнуудыг хэрхэн сонгон шалгаруулах талаар гэрээ байгуулсан талтайгаа хамтарсан ажлын хэсэг байгуулж, журам боловсруулж яамны сайтад нээлттэй тавина. Энэ дашрамд Японы Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургууль, болон ТУЗ-ийн дарга, ноён Күнинори Такаги болон Японы ард түмэнд хувиасаа болон яамныхаа өмнөөс талархал илэрхийлье” гэлээ.

Харин Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока,“Япон, Монгол хоёр улсын боловсролын салбарт хамтын ажиллагаа улам өргөжиж байгаа билээ. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаатай өнгөрсөн долоо хоногт боловсролын салбарт хэрэгжиж буй олон төсөл хөтөлбөрийн талаар санал бодлоо солилцоод удаагүй байгаа бөгөөд Японд боловсрол эзэмшсэн Монгол оюутнууд төгсөөд эх орондоо ирэн олон салбарт амжилттай ажиллан, Монгол Улсын хүний нөөцийг чадавхижуулахад Япон улс хувь нэмрээ оруулж байгаад таатай байна.Энэ удаад Анагаах ухаан нийгмийн халамжийн олон улсын их сургууль ирэх 5 жилийн хугацаанд хамгийн ихдээ 50 монгол оюутныг 100 хувийн тэтгэлэгтэй суралцуулах хөтөлбөрийг шинээр нээсэн явдалд чин сэтгэлээсээ талархаж байна. Эрүүл мэнд, боловсролын салбарт хамтран хэрэгжүүлж буй төслийн хувьд ялангуяа Япон, Монголын сургалтын эмнэлгийн барилгын ажил ирэх жилд дуусахыг мэдээлэхийн ялдамд энэ удаагийн тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцсан Монгол оюутнууд Монголынхоо нийгмийн хөгжилд ихээхэн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярилаа.

Энэхүү санамж бичгийг байгуулснаар сувилахуй, физик эмчилгээ, хөдөлгөөн засал, хэл, сонсгол, хараа зүй, эм зүй зэрэг есөн мэргэжлийн чиглэлээр ирэх таван жилийн хугацаанд жил бүр 10 хүртэл монгол оюутныг Японы Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуульд суралцуулах боломж бүрдэх юм. Монгол оюутнуудын тухайн сургуульд суралцах сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг Японы тал бүрэн хариуцна.
Японы талаас суралцах чиглэлээс хамааран нэг оюутны зардалд 9,720,000-18,300,000 иенийг (220,644,000-415,410,000 төгрөг) зарцуулна. Тэтгэлэгт хөтөлбөр таван жил хэрэгжих бөгөөд Монголын тал тэтгэлгийг бүрэн ашиглаж чадвал жил бүр 10 оюутныг илгээнэ гэж тооцвол тэтгэлгийг хэрэгжүүлэхэд Японы талаас нийтдээ 4,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх тооцоо гараад байна.

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …