Улсын бүртгэлийн багц хууль шинэчлэгдэн найруулагдсантай холбоотойгоор арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн энгийн гадаад паспортыг 10 жилээр олгож эхлэхээр боллоо.
1999 онд батлагдсан хуулиар гадаад паспортыг нэг болон таван жилийн хугацаатай олгож байсан юм. Харин маргаашнаас эхлэн гадаад паспортыг 16-аас дээш насны иргэнд 10 жилээр, 16-аас доош насны хүүхдэд 5 жилийн хугацаатай олгохоор болжээ. Ингэхдээ хуучин гадаад паспорт захиалахад мөрдөгдөж байсан төлбөр хураамжийн үнэ өөрчлөгдөхгүй.
Тодруулбал, гадаад паспортыг 10 жилийн хугацаагаар захиалахад 32,800 төгрөгийн төлбөртэй /ажлын 10 хоногт гарна/. Яаралтай бол 10 мянган төгрөгийн нэмэгдэл авч ажлын гурван өдөрт багтаан гаргаж өгөх юм.
Иргэд гадаад паспорт захиалах бол дүүргүүдийн нэг цонхны үйлчилгээ болон “Драгон”, “Дүнжингарав”, “Мишээл”, Зургаан буудлын “Оргил” худалдааны төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг зорих шаардлагатай юм.
ГАДААД ПАСПОРТ ШИНЭЭР АВАХАД:
-Иргэний цахим үнэмлэх
-Сүүлийн 6 сарын дотор авхуулсан 3,5х4,5 хэмжээтэй 3 хувь цээж зураг
-Төлбөр төлсөн баримт
-Хэрэв гоо сайхны мэс засал хийлгэсэн бол эмчийн магадалгаа
ХҮҮХДЭД ГАДААД ПАСПОРТ АВАХАД:
-Төрсний гэрчилгээ эх хувиар хуулбарын хамт
-Эцэг, эх буюу асран хамгаалагчийн иргэний үнэмлэх
-5-аас дээш насны хүүхэд өөрийн биеэр заавал эцэг, эх буюу асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт ирэх
-Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5 хэмжээтэй 3 хувь цээж зураг
-Төлбөрийн хувьд том хүний гадаад паспорт авахтай ижил.