Монгол улсын засгийн газраас их, дээд сургуулиудыг судалгаанд сурилсан их сургууль болгох бодлого явагдаж байгаа. Энэ ажлын хүрээнд АШУҮИС 2024 он гэхэд Ази номхон далайн баруун эргийн бүсийн анагаахын шилдэг 100 сургуульд багтах зорилт тавьжээ. Энэ зорилтын хүрээнд өнөөдөр өндөр түвшний сургуулиудаас ямар хэмжээний зайтай явна, хэрхэн бэлтгэхийг тодорхойлох зайлшгүй шаардлага үүссэн төдийгүй МУИС болон АШУҮИС-ийн урилгаар их, дээд сургуулиудын эрэмбэлдэг QS байгууллагын Азийг хариуцсан төлөөллөгчид хүрэлцэн иржээ. Тэд их, дээд сургуулийг дэлхийн тавцанд хүлээн зөвшөөрөгдөх эрэмбэ тогтоолгох асуудалд туслалцаа үзүүлэхээр ирээд байгаа аж.
Үүнтэй холбогдуулан QS байгууллага болон АШУҮИС, МУИС хамтран “Монголын их, дээд сургуулиудын олон улсжилт, дэлхийн түвшинд очих зам” сэдэвт хэлэлцүүлэг–сургалтыг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт БСШУСЯ, АШУҮИС, МУИС, ХААИС, ШУТИС, СУИС, Отгонтэнгэр их сургуулийн төлөөлөл оролцсон бөгөөд сургалт хэлэлцүүлгийг АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон болон МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар нээж эхлүүлсэн.
Сургалт-Хэлэлцүүлэгт QS Азийг хариуцсан ерөнхий захирал Мэнди Мок “Түүх өгүүлэх нь: Зогсолтгүйгээр урагшилж брэнд болон нэр хүндийг бий болгох нь”/ “Telling your Story: Going the Distance with Branding & Reputation”, QS-Ителлижэнс албаны ахлах мэргэжилтэн Самуэл Вонг “QS-ийн эрэмбэ”/ “QS Rankings”, Сингапурын Нанян технологийн их сургуулийн гадаад харилцааны албаны захирал Жэнни Халэн Хэдбэрг “Олон улсжилтын жишээ ба түүнд хийсэн судалгаа”/“Internationalisation Case Study” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.
QS Азийг хариуцсан ерөнхий захирал Мэнди Мок дэлхийн эрэмбэд орохын давуу тал, амжилтад хүрэхэд анхаарах чиглэлүүд болон брэндинг, маркетинг хийхэд анхаарах асуудлын талаар мэдээлэл өгөн стратегиа оновчтой сонгож дэлхийн чансааны их сургуулиа болохдоо үр бүтээлтэй замаар хүрэх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэсэн бол QS-Ителлижэнс албаны ахлах мэргэжилтэн Самуэл Вонг QS-ийн эрэмбийн талаар, ямар шалгуур үзүүлэлтийг чухалчилдаг тухай дэлгэрэнгүй тайлбар өгөв.
Харин Сингапурын Нанян технологийн их сургуулийн гадаад харилцааны албаны захирал Жэнни Халэн Хэдбэрг тус сургуулийн танилцуулга болон дэлхийн эрэмбэд орсон туршлагаас хуваалцлаа.
Хэлэлцүүлгийн төгсгөлд МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар үндэсний их, дээд сургуулиудын нэгдсэн сүлжээг үүсгэж шаардлагатай бол ажлын хэсэг байгуулан дэлхийн эрэмбэд ороход шаардагдах шалгуур үзүүлэлтийн талаар мэдээлэл цуглуулах, хүсэлт илгээх, QS байгууллагын зохион байгуулдаг хөтөлбөрүүдэд оролцох, зөвлөх үйлчилгээг авах, QS байгууллагаас эрхлэн гаргадаг нэр хүндтэй сэтгүүлүүдэд Монгол Улсын их, дээд сургуулиудын танилцуулга, мэдээллийг нийтлүүлэх замаар олон улсад үндэсний сургуулиудаа сурталчлах боломж нээгдэж буйг онцолсон юм.
Түүнчлэн дэлхийн эрэмбэд орохоор зорьж буй их, дээд сургуулиудын хувьд зөвхөн удирдлагын үйл ажиллагаа хангалтгүй бөгөөд нийт багш, ажилтан, оюутнуудын эерэг хандлага, зүтгэл чухал болохыг QS байгууллагын төлөөлөгчид тэмдэглэж байв.