Ч.Ганжавхлан тэргүүтэй “Лантуун дохио” ТББ-ын залуус хүүхэд хамгаалал хөгжлийн “Ид шидийн орон 2″төвийг Улиастайн эцэст байгуулахаар боллоо.
Улиастайн эцэс буюу Баянзүрх дүүргийн 23-р хороон дахь 4200 мкв талбай бүхий газар байгуулах “Ид шидийн орон 2” төслийн нээлтийг өнөөдөр албан ёсоор эхэллээ.
“Ид шидийн орон 2” төв нь Улаанбаатар хотын зүүн зах буюу Улиастайн эцэст, 4,200 мкв талбайд хүүхэд хамгаалал хөгжлийн төв, спорт комплекс, тоглоомын талбай, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, гараш болон түр байрлах байрнаас бүрдсэн цогц төв болох бөгөөд одоогийн Баянхошуунд баригдсан “Ид шидийн орон” төвөөс даруй 2 дахин том хэмжээтэй бүтээн байгуулалт болох юм. Тус төвийн барилга бүтээцийн ажил 2019 оны 04 сараас эхлэх бөгөөд тэр хүртэл хугацаанд зураг төсөл, ажлын зураг, дэд бүтэц болон бусад бэлтгэл ажлууд хийгдэх юм.
“Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан “Энэ ажилд маань дэмжлэг үзүүлэхээр “Энержи Ресурс” компаниас 740 сая төгрөг хандивлалаа. Үндэсний томоохон компани 10 жилийнхээ ойгоор хүүхдүүдийнхээ ирээдүйд зориулсан том хөрөнгө оруулалт хийлээ.
Одоо бидний урд маш том ажил хүлээж байна. Анхны “Ид шидийн орон”-ыхоо ажлын ард манай залуучууд эрч хүчтэй гарч чадсан. Хүмүүс бидэнд 1000, 1000 төгрөгөө хандивлаж хамтарч босгосон.Харин өнөөдөр хоёр дахь төвийг байгуулах мөнгөний тал хувийг бидэнд өглөө. Энэ санхүүжилт орж ирсэн нь бид санхүүжилтээ бүрэн шийдсэн гэсэн үг биш шүү. Биднийг үргэлжлүүлэн дэмжээрэй. Учир нь Шар хадны эцэс, Амгалан, Улиастайд “Ид шидийн орон” заавал хэрэгтэй.” гэлээ.