“Mongolia’s next top model-2” нэвтрүүлгийн оролцогч,”Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ өндрөөс унаж амиа алдсан хэрэг аравдугаар сарын 24-ний өдөр гарсан билээ.Тухайн өдөр хэргийн газарт цагдаа, шүүх шинжилгээний байгууллагынхан оролцож үзлэг хийн, улмаар цогцсыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгч талийгаачийн задлан шинжилгээний хариуг 21 хоногт гарна гэж мэдэгдэж байсан юм.
Тэгвэл өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Гаднын нөлөөгүй амиа хорлолт байсан” хэмээн бичиж буй нь ташаа мэдээлэл гэдгийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэв.
Тэрбээр “Өндрөөс унаж амь насаа алдсан Ч.Чамин-Эрдэнийн шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байгаа гэдгийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс мэдээлж байна” гэв.
Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх журамд зааснаар хуулийн дагуу дүгнэлт ажлын 21 хоногийн дотор гарах ёстой байдаг аж.