Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Аз жаргалтай гэр бүл” зорилтын хүрээнд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн санаачлагаар 2017 оны 06 дугаар сард гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг болзошгүй аюул эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэхүүднээс “Түр хамгаалах байр”-ыг нийслэлийн хэмжээнд анхдагч болон нээсэн юм.
Тэгвэл НҮБ-ын Хүн амын сан, Засаг даргын Тамгын газар хамтарсан санхүүжилтээр хүчирхийллийн хохирогч нарт үйлчилгээ үзүүлэх “Түр хамгаалах байр”-ыг өргөжүүлэн “Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх төв” болгон нээж, үйл ажиллагаагаа өргөжүүлээд байна.
ХУД-ийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “НҮБХАС-аас 81 сая төгрөг, орон нутгийн төсвөөс 20 орчим сая төгрөгийн санхүүжилт гарган хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх Нэг цэгийн үйлчилгээний төв болгон өргөжүүлж байна. Ингэснээр дүүргийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, жендерийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудын хэрэгжилт бүрэн хангагдаж байна.
Аливаа төрлийн хүчирхийллийн хохирогч нарт үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагааг эхлүүлснээр орон нутагт хүчирхийлэлд өртөж буй хүмүүс, хүүхдүүд, хохирогчийн тоо буурна гэжүзэж байгаа бөгөөд эрүүл мэндийн, сэтгэл зүй, хууль эрх зүйн үйлчилгээ, туслалцааг нэг дор нэгтгэж чадсан нь тус төвийн ач холбогдол өндөр гэдгийг харуулж байгааг дурдах нь зүйтэй.
Цаашид дүүргийн Засаг даргын Тамгын газрын зүгээс тус төвийн гадна, дотор тохижилт, өдөр тутмын үйл ажиллагаанд онцгой анхаарч ажиллана. Мөн нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх төвийг нээхэд санхүүгийн туслалцаа үзүүлсэн Нэгдсэн Үндэстний байгууллагын хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлаг, донорууддаа талархал илэрхийлье” гэв.
НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгээр өмнөх түр хамгаалах байрыг “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТӨВ” болгон өргөжүүлж 71.8 сая төгрөгийн шаардлагатай тоног төхөөрөмж, 10 сая төгрөгийн засвар үйлчилгээг хийж үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болжээ.. Ингэснээр хүчирхийллийн хохирогчид эрүүл мэнд, хууль эрхзүй, сэтгэлзүйн болон хамгааллын үйлчилгээг нэг дороос авах болсон нь тус төвийн давуу тал билээ.
2017 оны 06 дугаар сард нээлтээ хийсэн тус Түр хамгаалах байраар дамжуулан нийт 0-83 насны 98 иргэн эрх зүйн үйлчилгээ авч, үйлчлүүлсэн бөгөөд үүнээс 0-17 насны 74 хүүхэд бусад нь насанд хүрсэн иргэд үйлчлүүлсэн судалгаа байна.
Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх төв болон өргөжин үйлчилгээ явуулж байгаа тус төвд үндсэн мэргэжлээрээ 3-10 жил ажилласан 2 сэтгэлзүйч, 4 нийгмийн ажилтан нар 24 цагийн турш өглөө, оройн ээлжээр тогтмол үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Тодруулбал Хан-Уул дүүргийн хүчирхийлэлд өртсөн иргэд тус төв дээр ирэх үед нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нар юуны өмнө хохирогчдод эрсдлийн үнэлгээ хийж, ямар төрлийн үйлчилгээнүүд шаардлагатайг илрүүлэн, эмнэлэг, шүүх цагдаа, хамтарсан баг зэрэг шаардлагатай байгууллага, хүмүүс рүү нь холбон зуучлах үйлчилгээг үзүүлж, амь нас, эрүүл мэндэд эрсдэл учрах магадлалтай, эсвэл ойрын танил, садан байхгүй хүмүүсийг нэг цэгийн үйлчилгээний төвд 24 цагаас, 1 сарын хугацаанд байрлуулж, эрх зүйн үйлчилгээ үзүүлнэ.