Талийгаач охины эмээ С.Оюунцэцэг: Зул, зураг хоёроор өнөөдөр голоо дэвтээж байна

 

Баянзүрх дүүргийн XXI хороонд байрлах “Очир” төвийн зочид буудалд амиа алдсан 13 настай охиныг хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй Д.Жавхлан, М.Амарболд нарыг шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10.00 цагт эхэллээ.

Хуралд шүүгдэгчээр Д.Жавхлан, М.Амарболд, яллагчаар О.Багшбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгчөөр Р.Булгамаа, Г.Батбаяр, Э.Билэгсайхан, Х.Баасанжаргал, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр О.Цэрэнпунцаг, С.Оюунцэцэг, Иргэний хариуцагчийн өмгөөлөгчөөр Н.Батцэнгэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр талийгаач охины аав Т.Лхагвасүрэн, талийгаач охины ээж С.Баясгалан, иргэний хариуцагч Ц.Очирбат, шинжээчээр Ө.Сарангэрэл нар оролцохоор байсан ч шүүгдэгч Д.Жавхлангийн өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргажээ.Иймээс арваннэгдүгээр сарын 23-ны 10:00 цагаас шүүх хурлыг дахин явуулахаар товлов.

Шүүх хуралдааны үеэр шүүхийн гадаа Монголын эмэгтэйчүүдийн холбооны гишүүд 13 настай охины амь насыг хохироосон этгээдүүдэд хуулийн хүрээнд шийтгэл оноохыг шаардаж тайван жагсаал зохион байгуулсан бөгөөд тус жагсаалд Нүдээ нээ хөдөлгөөнийхөн, Лантуун дохио ТББ-ын гишүүд оролцлоо.

Энэ үеэр талийгаач охины эмээ С.Оюунцэцэг“Өнөөдөр бид үр хүүхдээ алдчихаад байна. Шарилыг нь ухаад үзэх юм бол хэвлийн хөндийд эрхтэн байхгүй. Миний охин гэж хэлэх юм юу ч байхгүй. Зул, зураг хоёроор өнөөдөр голоо дэвтээж байна. Өнөөдөр шүүх хурлын гадаа байгаа юм бариад л зогсож байна. Шүүх хурлын танхимд охиныхоо зураг зул хоёрыг бариад яагаад зогсож яагаад болохгүй байгаа юм. Дэндүү хүний эрхийг хаана боогдуулж байна. Жил гаруй энэ хэрэг дээр ажиллалаа, үнэн бодитой шийдэж байгаа нэг ч зүйл алга. Сэтгэл дутаж байна. Олон түмэн мэдэж байгаа ийм хэргийг ингэж шүүж байгаа юм чинь хөөцөлдөж чадахгүй айлууд хохироод л дуусдаг юм байна.

Миний хумсын чинээ охины нэр хүндэд алдаж байна.Архичин, биеэ үнэлэгч байсан мэтээр ярьж байна. Бид нар хүүхдүүдээ ингэж хүмүүжүүлэхгүй”гэлээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас”Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Жавхлангийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг эмнэлгийн байгууллагад шинжилгээ өгөх үндэслэлээр хойшлуулах хүсэлтийг бичгээр гаргасан.

Мөн иргэн О.Баасанхүү шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох тухай хүсэлт бичгээр гаргасан.Шүүх бүрэлдэхүүн хүсэлтүүдийг шийдвэрлээд дараах шийдвэрийг гаргалаа.

Шүүгдэгч Д.Жавхланг Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцож өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж шүүх хуралдааныг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Мөн иргэн О.Баасанхүүгийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ. Шүүх хуралдааныг хаалттай явуулж байгаа, түүнчлэн хохирогчийн эрх ашгийг хамгаалан Т.Лхагвасүрэн, С.Баясгалан нар, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалан, хууль зүйн туслалцаа үзүүлэхээр өмгөөлөгч Р.Булгамаа, Г.Батбаяр, Х.Баасанжаргал нар оролцоно. Иймд хаалттай явуулах шүүх хуралдаанд хэргийн оролцогч нараас өөр хүнийг оролцуулах боломжгүй гэж үзлээ.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийг Зөрчлийн тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 2-т заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах” зөрчлийг гаргасан гэж үзэж, шүүхээс 300,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдууллаа. гэж мэдэгдлээ.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …