“Хүрэлтогоот-2018” хурлын шилдгүүд БСШУС-ын сайдын нэрэмжит Грант хүртлээ

“Хүрэлтогоот-2018” эрдэм шинжилгээний бага хурлын салбар хуралдаанаас шалгарсан 14 залуу судлаачдад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын нэрэмжит Грантын батламж гардууллаа. Шагналыг БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, БСШУС-ын Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат, Шинжлэх ухаан, технологийн сангийн дарга Д.Энхжаргал нар гардуулан өглөө.

БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр “Грант авч байгаа судалгааны бүтээлүүдэд өвчлөлийн дээгүүрт бичигдэж байгаа сахарын өвчлөл, монгол махны эрдэс бодисын гэхчлэн олон сайн судалгаа харагдаж байна. Залуу эрдэмтэд маань Монгол Улсынхаа нийгэм эдийн засагт эерэг үр нөлөөтэй судалгаа шинжилгээ хийж байгаад бахархалтай байна. Яамнаас та бүхний эрдэм шинжилгээний ажлыг байнга дэмжин ажиллах болно” гээд Шинжлэх ухааны ажилтны баярын мэндийг давхар хүргэлээ.

Монголын Залуу эрдэмтдийн холбоо “Хүрэлтогоот-2018” эрдэм шинжилгээний бага хурлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэмжлэгтэйгээр 14 дэх жилдээ зохион байгуулж, 80 гаруй залуу судлаачид бүтээлээрээ уралдан 14 залуу судлаачийг шилдгээр шалгаруулсан юм. Мэдлэгийн эдийн засаг, инноваци, мэдээллийн технологийн эрин үетэй хөл нийлүүлэн эдийн засаг, инновацийн судалгааны үр дүнг хэлэлцдэг болсныг урамшуулж энэ жил анх удаа Хүрэлтогоотын эрдэм шинжилгээний бага хуралд “эдийн засаг, менежмент”-ийн салбар хуралдааныг шинээр бий болгож энэ салбарын Грантын эзнийг тодруулжээ.

Улсын нэгдсэн төв эмнэлгийн Хэрх үе судлал үе сэргээх төвийн резидент эмч О.Амгаланхүү “Өвдөгний үе солих мэс засалд Транексамийн хүчил хэрэглэсэн үр дүн”, залуу судлаач, бизнес эрхлэгч Б.Наранчимэг “Монгол хүний чихрийн шижингийн Глюкокиназа генийн нуклеодитийн дарааллыг тодорхойлсон судалгаа”, Монгол банкны эдийн засаг, судлаач Б.Хүслэн “Бизнесийн мөчлөгийг тодорхойлсон нь”, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн багш Д.Оюунгэрэл “Э-худалдаа эрхлэлтийн судалгаа”, МУБИС-ийн Монгол судлалын төвийн эрдэм шинжилгээний дэд ажилтан Э.Эрдэнэзуу “Дундад үеийн монгол хэлний цэг цэглэлийг судлах асуудалд”, Богд хааны ордон музейн ажилтан Ц.Гүнчин-Иш “Сарьдагын хийдийн малтлагаар илэрсэн язгуурын таван бурхны дүрслэлд хийсэн дүн шинжилгээ”, ШУА-ийн Газарзүй-геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын лабораторийн эрдэм шинжилгээний дэд ажилтан Х.Тэмүүжин “Бичил бүс нутагт цэвдгийн тархалтыг зураглах нь”, МУИС-ийн Хүмүүнлэгийн шинжлэх ухааны их сургуулийн докторант Ч.Бямбацэрэн “Улаанбаатар хотын агаар дахь нарийн ширхэглэгт тоосонцрын судалгаа”, ШУТИС-ийн Хүнс судлалын эрдэм шинжилгээний төвийн эрдэм шинжилгээний дэд ажилтан Д.Болормаа “Монгол малын маханд агуулагдах эрдэс бодис болон хүнд металлыг атом шингээлтийг спектрометрийн (AAS) аргаар тодорхойлсон үр дүн”, Шинэ монгол технологийн дээд сургууль, Нано химийн инженерчлэлийн тэнхимийн аспирант Ц.Туул “Төмрийн соронзон ширхэг гарган авч нуклейн хүчил ялгах технологид ашиглах боломжийн судалгаа”, ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан Б.Сод-Эрдэнэ “Монгол бөхөн болон Соргог бөхөнгийн генетик олон янз байдлыг тодорхойлсон нь”, ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн магистрант Т.Энхзаяа “Хэрлэн голын Амарын сугас (Leuciscus waleckii) загасанд шимэгчлэгч Ichthyoxenus amurensis (Isopoda, Cymothoidae) паразитын үзүүлэх нөлөө”, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан Б.Мөнхцэцэг “Малын хаягдал арьс ширийг ашиглан коллагений гидролизат үйлдвэрлэх технологийн судалгаа”, Мал эмнэлгийн хүрээлэнгийн Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Мөнгөнсар “Сибирийн хүр эрвээхий (Dendrolimus sibiricus)-н анхдагч эсийн өсгөвөр гарган авсан судалгааны үр дүн” бүтээлээрээ шилдгээр шалгарч сайдын нэрэмжит грантын эзэд боллоо.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …