Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр”Засгийн газар байгуулаад нэг жилийн хугацаа өнгөрлөө. Би хэлсэн үгэндээ өнөөдрийг хүртэл үнэнч байна. Гадуур нийгмийн уур амьсгал их бухимдуу байна. Надад хоёр зам байна. Нэгдүгээрт шударга ёсыг бэхжүүлэхийн тулд амь насаа үл хайхран ажиллах. Эсвэл зарим хүнийг ажилтай байлгахын тулд буулт хийх. Харин би эхний замыг сонгосон. Би Ерөнхий сайд болоод хэлсэн шүү дээ. Ард түмний итгэл найдвар алдрах вий гэдгээс айж байна гэдгээ өмнө нь хэлсэн. Төр засагт итгэх итгэл алдарч байгааг би өмнө нь олон удаа сануулсан. Зарим албан тушаалтнаас ажлаа өгөхийг нь шаардсан.
МАНАН гэх бүлгийг зайлуулах шаардлага байгааг би өөрийн яс махаар мэдэрлээ. Нам даган баяжсан , таргалсан, цадсан, үр хүүхдүүд нь хүртэл төрийн албанд шургалжээ. Заримдаа миний хүч үнэндээ хүрэхгүй байна. Би УИХ-ын даргыг огцрохыг шаардсаны учир нь 60 тэрбумын асуудалтай нэр холбогдсон. Тэр бичлэг үнэн шүү. Эвлүүлэг биш юм. М.Энхболд дарга албан тушаалаа өгөх нь зөв
Би Д.Хаянхярвааг огцруулах шаардлага тавьсан. Огцруулсан.Одоо би Улаанбаатар хотын даргыг огцор гэсэн шаардлага тавьсан. Өнөөдөр хэлэлцэж байгаа.
Энэ гурван шаардлагыг тавьсны төлөө Засгийн газрыг огцруулах гэж байна. М.Энхболд бид хоёр хар багын найзууд. Гэхдээ би өнөөдөр найзаа сонгох уу, эх орноо сонгох уу гэсэн хоёр зүйлтэй тулгарсан. Би эх орноо л сонгоно.
Төрийн их цэвэрлэгээ албан ёсоор эхэлсэн. Би төрөө цэвэрлэх ёстой хүн мөн. Надад хүч тэнхээ, эрх зүйн орчин дутагдаж байгаа. Гэхдээ би одоо бас намаа цэвэрлэх хэрэгтэй болсон байна.Миний энэ тэмцэл цаашдаа улам хатуу болох болно. Үүнээс цааш газар үгүй гэдэгтэй адил, үүнээс цааш хугацаа алга. Би Монголын ардчиллыг парламентын засаглал аварна гэж боддог хүн. ЖДҮ-ээс зээл авсан хүмүүст хариуцлага тооцож байгаа. Би намын даргын хувьд хүмүүстээ хоёр шаардлага тавьсан. Ард түмнээсээ уучлал гуйж, авсан зээлээ эргүүлж төл гэсэн.
Би намын даргын хувьд цаашдаа МАНАН бүлэглэлтэй хатуу тэмцэнэ. Шударга бус зүйлтэй бид тэмцэх ёстой. Н. Алтанхуяг сайдын ярьж байсан шударга бусын хонгил үнэн юм байна. Энэ хонгилоор би өөрийн биеэр явж байна.
Удахгүй Тусгаар тогтнолын баярын өдөр болох гэж байна.Энэхүү баяраа бүгд сайхан өнгөрүүлээсэй гэж хүсч байна.
Ард түмэн маань асар их бухимдалтай байна. Гудамж талбайд гарахад ч бэлэн байна. Гэхдээ 7-р сарын1 шиг зүйл битгий болоосой гэж хүсч байна.
Улаанбаатар хотыг цэвэр усаар хангах ажил шийдэгдсэн. Тавантолгой улс төрийн гацаанаас гарсан. Авто замаа барьж байна, удахгүй сайхан замууд баригдана. Ирэх жил усан цахилгаан станцууд баригдана.Нэг жилийн дотор бид тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Энэ том ажлууд хийгдэхийн тулд шударга ёс маш чухал байна.
УИХ-ын дарга бол маш өндөр албан тушаал. Би М.Энхболд гэдэг хүнийг эрх мэдлээс нь салгах гээд байгаа юм. Энэ хүнийг үтэр түргэн өөрчилж, эрүүл хүнийг тавьж байж эрүүл төр үүснэ” гэж мэдэгдлээ.