УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж, өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын гишүүд чуулганы нэгдсэн хуралдааны танхимын өмнө суулт зарлалаа.
УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр тухайн үеийн МАН-ын удирдлагууд төрийн удирдах албан тушаалуудыг үнэлэх замаар “60 тэрбум” төгрөг босгох төлөвлөгөө боловсруулж буй бичлэг олон нийтийн сүлжээгээр тархсан Уг хэрэгт УИХ-ын дарга М.Энхболд нэр холбогдсон тул түүнийг чуулган даргалах эрхгүй хэмээн дээрх гишүүд үзэж байна.
Энэ талаар суулт зарласан гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Л.Болд:УИХ-ын дарга өөрийн хүсэлтээр огцрох боломж хуулийн хүрээнд бий. Суудалдаа шигдээд байж болох ч Монголын ард түмэн хүлээж авч байна уу үгүй юу гэдгийг өөрөө судалж үзэх хэрэгтэй. М.Энхболдод Их хурлыг удирдах ёс зүй байхгүй.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:Гишүүд бидний тэмцэлд нэгдвэл М.Энхболд УИХ-ыг даргалах ёс зүйн эрхгүй” гэсэн бичгийг чуулганы танхимын ширээн дээрээ тавьж болно. Таван гишүүн нэгдэж энэ уриалгыг эхлүүлж байна. Бид УИХ-ын даргыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Үндсэн хууль зөрчсөн тохиолдолд УИХ-ын гишүүн бойкот хийх эрхтэй.