Хангарди одонгоор Б.Зангад, А.Долгор, Ж.Золбаяр нарыг шагналаа

Нийслэлийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан, салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан Монголын Урлагийн ажилтны холбооны нарийн бичгийн дарга, МУАЖ Б.Зангад, СТӨ-ний дэргэдэх Эртний сайхан чуулгын гоцлол дуучин, МУАЖ А.Долгор, Монголын дижей, аялагч, олон улс судлаач Ж.Золбаяр нарыг өнөөдөр нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагнав.

Шагналыг НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр нар гардуулан өглөө.

Монголын Урлагийн ажилтны холбооны нарийн бичгийн дарга Б.Зангад“Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагнасанд нийт уран бүтээлчдийнхээ өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье. СТӨ-ний 30 жилийн ойн арга хэмжээ саяхан болсон. Энэ ойгоор нийслэлийн удирдлагууд СТӨ-г сэргээн засварлах, үйл ажиллагааг өргөжүүлэн тэлэхэд зориулж 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаад Монголын нийт уран бүтээлчид асар их баярлаж байгаа. Бидэнд хийж бүтээх онгод хийморь, урам хайрласанд баярлалаа” гэв.

НИТХ-ын дарга С.Амарсайхан  шагнал гардуулж хэлсэн үгэндээ “Улс орны хөгжил дэвшил,  нийгэм эдийн засаг, соёл урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан урлаг соёлын салбарын нэрт зүтгэлтнүүд, эх орноо гадаад дотоодод сурталчлан таниулсан эрхэм хүндтэй хүмүүсийн төлөөлөл болсон та бүхэндээ  Нийслэлийн иргэдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүлэхийн ялдамд Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонг гардуулж өгсөндөө баяртай байна. Эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, хамт олон, байгууллага, салбартаа тэргүүлэн ажиллаж, итгэл сэтгэл, зүтгэлээрээ улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулсан та бүхэнд талархаж байгаагаа илэрхийлье” хэмээв.

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …