Гүтгэлгийн шинжтэй мэдээлэл түгээсэн хүнийг олуулахаар цагдаагийн байгууллагад хандсан

Өнгөрсөн мягмар гарагийн орой фэйсбүүк дэх “Medee.mn” хэмээх нэр бүхий хуудаст “Хотын дарга нар албан өрөөндөө зодоон хийж нэгнээ алах шахжээ” гэсэн гарчигтай мэдээ нийтлэгдсэнтэй холбогдуулан өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга Б.Батбямба, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Отгонбаяр, Тамгын газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Т.Өлзийбаяр нар тайлбар өглөө.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба“Өчигдрөөс эхлэн манай нутгийн захиргааны удирдлагуудтай холбоотойгоор,тухайлбал, нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханы өрөөнд хэсэг бүлэг хүн согтуурч, танхайрсан гэдэг мэдээлэл түглээ.

Тус хэрэг болсон гэх өдөр хурлын даргын өрөөнд олныг хамарсан уулзалт болоогүй гэдгийг хурлын Нарийн бичгийн даргын хувьд хариуцлагатайгаар хэлье. Бусдын нэр хүндийг гутаан, доромжилж зориудаар хуурамч мэдээлэл түгээсэн хүмүүсийг олуулахаар бид хуулийн байгууллагад хандсан. Олж тогтоосны дараа олон нийтэд мэдээлэх болно” гэв.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Отгонбаяр “Төрийн тусгай хамгаалалтанд байдаг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байр нь онцгой бүс юм. Ерөнхий сайдын гаргасан захирамжийн дагуу төрийн байгууллагуудад согтууруулах ундааг оруулж, хадгалах, согтуу хүн орох зэрэг нь дүрэм журмын дагуу хориотой, байрны харуул хамгаалалт чанга байдаг гэлээ.

Харин төлөөлөгч Н.Батсүмбэрэлд зодуулан, хүнд бэртсэн гэх нийслэлийн ЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр “Цахим хэвлэлээр явж байгаа мэдээлэл худал. Намайг зодуулж, хүнд бэртсэн гэсэн байна лээ. Миний бие өдгөө ямар нэгэн бэртэлгүй, эрүүл, албан үүргээ гүйцэтгэж явна” гэж мэдэгдлээ.

Дашрамд дурдахад, www.Medee.mn вебсайтын хамт олон фэйсбүүк дэх 1200 дагагчтай “Medee.mn” хуудсыг байгууллагынх нь нэр, логог ашигласан хуурамчаар үйлдсэн хуудас болохыг мэдэгдсэн байна.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …