Ирэх оны нэгдүгээр сарын 6-ны өдөр болох 76 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” кино наадамд нэр дэвшигчдийг зарлажээ.
“Шилдэг драм кино” төрөлд найруулагч Райан Куглерийн “Хар ирвэс”, Спайк Лигийн “BlacKkKlansman”, Брайан Сингерийн “Bohemian Rhapsody”, Барри Женкинсийн “Хэрвээ Бил гудамж ярьдаг байсан бол”, жүжигчийн Брэдли Куперийн найруулсан “Од төрсөн нь” кинонууд нэр дэвшжээ.
“Шилдэг инээдмийн болон мюзикл кино” төрөлд Грекийн найруулагч Йоргос Лантимосын “The Favourite”, Жон М. Чугийн “Галзуу баян Азиуд”, Питер Фарреллийн “Ногоон ном”, Роб Маршаллын “Мэри Поппинс эргэн ирж байна”, Адам Маккеягийн “Эрх мэдэл” кинонууд оржээ.
“Гадаад хэл дээрх шилдэг кино” төрөлд Мексикийн “Рома”, Ливан-Америкийн “Капернаум”, Бельги-Нидерландын “Охин”, Германы “Werk ohne Autor”, Японы “Дэлгүүрийн хулгайчид” зэрэг кино нэр дэвшсэн байна.
Энэ жилийн кино наадмыг анх удаа Солонгос гаралтай Канадын жүжигчин Сандра О, хошин урлагийн жүжигчин Энди Сэмбергтэй хамтран хөтлөхөөр болсон юм.