БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн тушаалаар энэ жилээс эхлэн Олон улсын олимпиадад оролцож, амжилт үзүүлсэн сурагчдыг мөнгөн шагналаар урамшуулахаар болсон. Энэхүү тушаалын дагуу өчигдөр /2018.12.20/Олон улсын олимпиадад өндөр амжилт гаргасан сурагчид урамшуулал, батламжаа гардаж авлаа. Батламжийг БСШУС-ын сайдын зөвлөх Б.Ганбат, БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, мэргэжилтэн Ц.Чимэдлхам нар гардуулан өглөө.
Өмнө нь Олон улсын олимпиадад өндөр амжилт гаргасан суралцагчдыг зарим жилд тэдний хүссэн их, дээд сургуульд шалгалтгүй элсүүлдэг байсан бол энэ жил Олон улсын Мэдээлэл зүй, Хими, Биологи, Математик, Физикийн олимпиадад түүхэн амжилт гаргасан сурагчид, ой тогтоолтын дэлхийн аваргын тэмцээнд түрүүлж, Дэлхийн аварга болсон сурагчдыг нийт 34 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа.
Энэ жил 20 гаруй хүүхэд Олон улсын олимпиадад оролцсноос 16 сурагч төрөл тус бүртээ медаль авч, байр эзлээд байна.
Ялангуяа Олон улсын математикийн олимпиадаар анх удаа багийн бүх гишүүд медаль хүртээд байна. Математикийн олимпиад Румын улсын Клуж-Напока хотод зохион байгуулагдсан бөгөөд 107 орны 594 суралцагч оролцсон юм. Химийн олимпиадад 95 орны 304, Мэдээлэл зүйн олимпиадад 87 орны 330, биологийн олимпиадад 70 орны 260, физикийн олимпиадад 90 орны 400 суралцагч оролцсноос монгол сурагчид бүх төрөлд медаль хүртсэн нь түүхэн дээд амжилт юм.
Цаашид Олон улсын олимпиадад оролцох зардлаас гадна сурагчдыг эх орондоо бэлтгэл хийх зардлыг ч яамнаас нэмж санхүүжүүлэх бодлого баримталах юм байна.
Энэ тухай БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Ц.Чимэдлхам “Энэ жил Олон улсын олимпиад гурван онцлогтой боллоо. Юун түрүүн суралцагчид маань төрөл бүртээ медаль авч түүхэн дээд амжилтыг тогтоолоо. Хоёрдугаарт, өмнө нь олимпиадад амжилт үзүүлсэн хүүхдүүдийг мөнгөн шагналаар огт урамшуулж байгаагүй. Энэ жил анх удаа мөнгөн урамшуулал олгож байна. Гуравдугаарт, БСШУСЯ-наас анх удаа Олон улсын олимпиадад оролцож байгаа багуудын зардлыг бүрэн хэмжээгээр нь олгосон. Өмнө нь зардлын тодорхой хувийг нь олгодог байсан. Энэ жил өөрсдийнх нь төсөвлөж ирсэн зардлыг бүтэн олгож шуурхай зохицуулалт хийсэн нь амжилтад нөлөөлсөн гэсэн тайланг багш, суралцагчид маань өгөөд байна. Цаашид манай яамнаас Олон улсын олимпиадад оролцох зардлаас гадна эх орондоо суралцагчдын бэлтгэлийг өндөр хэмжээнд хангах зардлыг санхүүжүүлж дэмжих бодлого барьж байна” гэлээ.
Олон улсын олимпиадад сайн бэлтгэж, амжилт гаргах нь эцэг эх, сурагч, багш, сургуулийн нөр их хөдөлмөрийн үр дүн мөн. Тухайлбал, Олон улсын математикийн олимпиадаар суралцагчид хоёр өдрийн турш, өдөр бүр гурван бодлого бодож оюун ухаанаа сорьдог, оюуны ачаалал их, хүнд хөдөлмөр юм. Ингээд Олон улсын олимпиадад амжилт гаргасан зарим сурагчдын сэтгэгдлээс хуваалцъя.
Б.Батмэнд: Олон улсын олимпиадад оролцох зардал өгч, мөнгөн урамшуулал өгч байгаад баяртай байна
Би 1 дүгээр сургуулийн 11 дүгээр ангид сурдаг. Энэ жил Румын улсад болсон Математикийн Олон улсын олимпиадад оролцож хүрэл медаль авсан. Энэ жилийн онцлог нь Монгол Улсаас явсан баг бүгдээрээ медаль хүртсэн. Энэ бол Монголын математикийн олимпиадын хорооноос баримталсан бодлогын ач гэж би бодож байгаа. Мөн оролцох зардлыг яамнаас олгож байгаа явдалд бид маш их баяртай байгаа. Амжилт гаргасныхаа дараа дахиад мөнгөн урамшуулал авлаа. Үнэхээр их баяртай байна.
С.Сувданчимэг: Багш нарт маань дэмжлэг үзүүлдэг бол илүү их амжилт үзүүлнэ
Орхон аймгийн ШУТИС-ийн лицейд сурдаг. Олон улсын Химийн олимпиадад хоёр дахь жилдээ оролцож хошой Хүрэл медаль авсан. Юун түрүүн багш нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Мөн энэ жилээс яам, маань биднийг дэмжиж, оролцох зардал олгож, мөнгөн урамшуулал өгч байгаа явдалд баяртай байна. Миний хувьд хоёр дахь жилдээ мөнгөн медаль авах зорилготой байсан. Гэвч дахиад Хүрэл авсан. Тулгарч байгаа гол бэрхшээл нь багш нарт маань бидэнд хичээл заах цаг хомс байдаг. Үндсэн ажлаа хийх ёстой. Тиймээс багш нарт маань боломж олгоод дэмжээд өгвөл илүү их амжилт үзүүлэх болно. Энэ жилээс яамны зүгээс биднийг бүх талаар дэмжиж байгаад үнэхээр их баярлалаа.