“1000 инженер” төслийн хүрээнд Япон улсад суралцах оюутны нэрс батлагдлаа

Монгол Улсын Засгийн газар, БСШУСЯ, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /ЖАЙКА/-тай хамтран хэрэгжүүлж байгаа  “Инженер технологийн дээд боловсрол” төслийн Удирдах хорооны 25 дугаар хурал өнөөдөр БСШУСЯнд боллоо.

   Энэ удаагийн Удирдах хорооны хурлаар Коосэн, Бакалаврын хамтарсан хөтөлбөрт 2019 оны дөрөвдүгээр сараас эхлэн Япон Улсад суралцах оюутнуудын нэрс, 2019 оны эхний хагаст Зэргийн бус хөтөлбөр болон Зочин судлаач хөтөлбөрт хамрагдах багш, судлаачдын нэрсийг баталлаа.

 Коосэн хөтөлбөрт 34 оюутан шалгалт өгснөөс 30 оюутан, Бакалаврын хамтарсан хөтөлбөрт 75 оюутан шалгалт өгснөөс 51 оюутан тэнцэж, Япон улсад суралцах болзол хангасан тул нэрсийг баталлаа. Мөн Удирдах хорооны 24 дүгээр хурлын 48 дугаар тогтоолоор батлагдсан “Оюутныг дэвшин суралцах, дадлага хийхэд зөвшөөрөл олгох журам”-д нэмэлт өөрчлөлт орууллаа. “Коосэн хөтөлбөрт суралцаж буй оюутан тухайн Коосэн сургуулийн харьяа Япон улсын үйлдвэр аж ахуйн газарт дадлага хийнэ” гэсэн заалт байсныг хүрээг нь өргөтгөж “Японы Үндэсний технологийн хүрээлэнтэй хамтран ажилладаг Япон улсын үйлдвэр аж ахуйн газарт дадлага хийнэ” хэмээн өөрчиллөө.

    Мөн Коосэн болон бакалаврын хамтарсан хөтөлбөрийн оюутны сурлагын үнэлгээ нь нийт авах ёстой үнэлгээний 90 хувиас дээш байх гэсэн заалтыг 80 хувь ба түүнээс дээш хэмээн өөрчиллөө. Ингэсээр голч дүн өндөртэй суралцсан илүү олон оюутанд хөтөлбөрийн дараах сургалт, дадлага ажилд давуу боломж олгож байна гэсэн үг.

   УИХ, Засгийн зараас өгсөн үүрэг чиглэлийн дагуу төслийн нэгжийг цөөн чадварлаг хүний бүрэлдэхүүнтэй, чанартай гүйцэтгэлтэйгээр ажиллуулах, үр дүн, өгөөж, явцын талаар олон нийтэд маш сайн ойлголт мэдээлэл өгч ажиллах үүрэг чиглэлийг төслийн Удирдах хорооны дарга, БСШУСЯны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан өглөө. Мөн төслийн 2018 оны тайланг хэлэлцэж, 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг ярилцсан юм. 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд оруулах саналаа МУИС, ШУТИС нарийвчлан гаргаж танилцуулахыг Удирдах хорооны дарга үүрэг болголоо.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …