Эмч нар савыг минь авчихсан байж, хүүхэдтэй болох арга зааж өгнө гэсэн

5b34e2b0eabff47c33936ed33aa1815a_x3 Клиникийн нэгдүгээр амаржих газарт төрөхөөр очсон нэгэн эмэгтэй эмч нарын хариуцлагагүй байдлаас болж дахин жирэмслэж чадахгүй болжээ. Тодруулбал, тус эмнэлгийн эмч нар бүсгүйн савыг нь авчихаад “зүгээрээ бид чамд дахин жирэмслэх арга зааж өгнө” хэмээн түүнийг “тайвшруулсан” байна. Тус явдал энэ сарын 03-нд буюу өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт болжээ. Хохирогч эмэгтэй СБД-ийн III хорооны иргэн, түүнийг Д.Б /эх сурвалжийн хүсэлтээр нэрийг нь нууцлав/ гэдэг бөгөөд хүний нөөцийн менежер мэргэжилтэй, жирэмсний амралтаа авахаасаа өмнө нэгэн хувийн компанид ажилладаг байжээ.  Түүнтэй уулзаж болсон үйл явдлын талаар ярилцлаа.

-Та болсон үйл явдлын талаар тодорхой ярьж өгнө үү?

-Анх би өнгөрөгч сарын 20-нд өрхийн эмнэлгээсээ даралт, зүрхний цохилт өндөр, хавантай гэсэн оноштойгоор, хэвтэх бичиг аваад Клиникийн нэгдүгээр амаржих газрын амбулаторит үзүүлэх гэж ирсэн. Тэгээд үзээд, надад хэвтэх бичиг хийж өгсөн. Түүнээс зургаа хоногийн дараа буюу 26-нд хэвтэх гэж ирээд дахиад үзүүлэхэд 41-42 долоо хоногтой, даралт өндөр учир эм ууж байж хэвтэх юм гэсэн. Гэтэл ор байхгүй та коридорт хоноод маргааш ор гарвал хэвтэж болно эсвэл маргааш өглөө хүрээд ир гэсэн. Тэгээд би маргааш нь буюу 27-ны баасан гарагт ирэхэд ор гарч 15.30 минутын үед 203 тасагт хэвтэхээр болсон. Намайг төрөх тасгийн эмч н.Ариунцэцэг хүлээж авсан. Тэр эмч маш харьцаа муутай, даралттай хүмүүс бол хэвийн үзэгдэл яах гэж ирсэн юм гэж байсан. Би өөрийг нь долоон сартай жирэмсэн гэж дуулсан. Ингээд хэвтэхэд эход хараад, ургийн бичлэг хийсэн. Амралтын хоёр өдөр нэг тариа хийсэн, даваа гарагт бас тариа хийсэн. Харин хоёр дахь өдөр буюу 10 сарын 01-нд зөвлөх эмч, тасгийн эрхлэгч нь явж үзлэг хийсэн.

-Тасгийн эрхлэгч нь таны биеийн байдлыг үзээд юу гэсэн бэ. Таныг эмнэлгээс гаргасан гэж байсан?

-Тасгийн эрхлэгч н.Мядагмаа гэдэг эмч үзсэн. Тодруулбал н.Ариунцэцэг эмч түүнд  миний талаар танилцуулж байгаа юм. Тэд хоорондоо надад гурав хоног физик эмчилгээ хийнэ гэж  ярьж байсан боловч хүүхэд нь том юм байна, гадуур явж байгаад өвдөлт өгөхөөрөө хүрээд ир гээд дөрөвхөн хонуулаад эмнэлгээс гарчихсан. Амралтын өдрүүд таарсан болохоор бараг хоёр хоносноос ялгаагүй шүү дээ. Маргааш нь 09.00-10.00 цагийн хооронд хүүхэд маань гэдсэндээ хөдөлж байсан. Тэгээд 11.15 цагийн үед би өвдөж, хуурамч өвдөлт байж магадгүй, яарч түргэн дуудаад яахав гэж бодоод ажигласан. Тэгээд  өвдөлт нэмэгдэхээр нь түргэн дуудаж 10 сарын 02-ны шилжих шөнө 01.05 цагт би түргэнээр ирсэн. Хүлээн авахын эхний эмч үзэж, эход хараад,  дахиад нэг эмч үзээд  сандралдаад явчихсан. Дахиад унтаж амарч байсан нэг эхоны эмчийг дуудаж үзүүлээд, тэд хоорондоо ярилцаад, намайг сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай хэдэн хүүхэдтэй вэ гэж асууж байснаа ураг амьгүй болчихлоо гэсэн. Тухайн үед би итгээгүй.

 -Амьгүй болсон ургийг олон цагийн дараа гаргасан гэсэн?

-Тэгсэн. Амьгүй болсон ураг өөрөө гарч чадахгүй шүү дээ. Тиймээс яаралтай арга хэмжээ авч ядаж эхийн савтай минь үлдээж болно шүү дээ тэд. Гэтэл эмч нар өглөө 10.00 цаг хүртэл бүтэн 8-9 цагийн хугацаанд амьгүй ургийг хэвлий дотор байлгахад цус алдаад үнэхээр хэцүү байсан. Тэгээд өглөөний 10.00-10.30 цагийн үед би хагалгаанд орж 11.20 болоход гарч ирсэн.7966edb26b4658bbbig

-Савыг чинь авчихсан гэдгийг яаж мэдсэн бэ?

-Эмч нар нь айдаг юм уу яадаг юм манай нөхөр болон гэр бүлийнхэнд хэлээгүй байсан. Харин би дараа нь эмч нарыг шалгаасаар байгаад хэлүүлсэн. Гэтэл эмч нар “чи их цус алдсан, хоёр хүүдээ харагдаж, амьд үлдсэндээ баярла” ухааны юм яриад одоо “жирэмслэх боломжгүй” гэж шууд хэлсэн. Би бүр шоконд орсон. Надад “эхэс нь ховхорсон” гэдэг онош тавьж байгаа байхгүй юу, өөрсдийнх нь үр хүүхэд байсан бол ингэхгүй ш дээ. Тэгээд тэнэг хүн хуурч байгаа юм шиг зүгээр ээ чиний өндгөвч чинь байгаа болохоор чамд дараа нь жирэмслэх арга зааж өгнө гэж байгаа юм даа.

-Танайх хүүхэдтэй юу. Энэ таны хэд дэх төрөлт байсан бэ?

-Манайх хоёр хүүтэй. Охинтой болохын бөөн хүслэн байсан. Сая эндсэн хүүхэд маань ч 4,4 кг охин байсан. Ингээд миний 4-5 хүүхэдтэй болох, хоёр хүүгийн маань охин дүүтэй болох хүсэл бүр мөсөн алга боллоо. Энэ мэдээг сонсохоосоо өмнө би дахин жирэмслэнэ гэж бодоод жаахан ч гэсэн тайвширч байсан юм. Хүү маань эмэгтэй дүү хэзээ гарах юм бэ гэж асуугаад надад үнэхээр хэцүү байна /уйлав/. Авилга аваад сурчихсан  үнэхээр заваан улсууд юм. Ингэнэ гэдгийг нь мэдсэн бол тэр мөнгийг нь өгөөд төрдөг байж гэж бодоод харамсаж сууна. Хамгийн гол нь 10 сарын 01-02-нд шилжих шөнийн ээлжинд гарч байгаа хүлээн авахын эмч нарын буруу, тэд яаралтай арга хэмжээ авсан бол өдийд ийм болохгүй байсан.

-Та төрөхөөсөө өмнө ямар нэгэн өвчин зовиуртой байсан уу?

 – Би хяналтын хугацаандаа эрүүл саруул байсан. Ядаж ямар нэг өвчтэй байсан бол өөр ш дээ. Эрүүл саруул бойжоод төрөх гээд, өөрсдөө хэвтэх бичиг хийж өгчихөөд дөрөвхөн хонуулаад гаргачихаж байгаа байхгүй юу. Магадгүй физик эмчилгээ хийсэн бол би хүүхдээ алдлаа гэхэд дор нь арга хэмжээ аваад савтай минь үлдээх боломжтой байсан. Ер нь авилга авдаг гэдэг нь тодорхой болчихсон. Өрөөндөө жирэмсэн хүүхнүүд тэр эмчид тэдэн төгрөг өгөөд төрнө гээд ярьдаг.

-Одоо ямар эмчилгээ хийлгэж байна?

– Хүнд хагалгаанд орсон болохоор эрчимт эмчилгээ хийлгэж байгаад нэг дэх өдөр энгийн тасагт  шилжсэн. Өдөрт хоёр тариа хийлгэж байгаа. Хэзээ гарах нь тодорхойгүй. Гэхдээ би саваа авахуулж, хүүхдээ алдсанаас гадна эндээс ямар ч өвчтэй болоод гарч байж магадгүй. Би зүв зүгээр байж байгаад бөөн хөх няц /харуулав/ дээрээс нь аймаар хавантай болчихоод байна. Ядаж хүүхэдтэйгээ эсвэл савтайгаа үлдсэн бол сэтгэл арай дээр байх байлаа.

Б.Буд

Эх сурвалж:Шууд.мн

Санал болгох мэдээ

СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд …