
“МОН-8” төслийн хүрээнд Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулахаар болсон. Төсөл хэрэгжсэнээр хавдрыг эрт үед нь оношилдог орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжүүд болон алсын зайн оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж, програм хангамжтай, мэргэшсэн эмч мэргэжилтнүүд бүхий иж бүрэн оношилгоо, эмчилгээний төв ашиглалтад орох юм.

Монгол улсад анх удаа үндэсний хэмжээний оношилгоо, эмчилгээний төв байгуулах асуудал 2010 онд анх яригдаж, улмаар 2012 оны 5-р сарын 17-нд Монгол улсын сангийн яам БНСУ-ын Эксим банктай гэрээ байгуулж байсан. Гэрээнд зааснаар Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах төсөл 34 сарын хугацаатай хэрэгжих байсан боловч энэ хугацаа 72 сар болж, ажил удааширсан юм. Харин өнгөрсөн онд удирдах хорооны хурлаар төслийн нэгжийг татан буулгаж, шинээр төслийн нэгж бүрдүүлжээ. Улмаар төслийг Хоёрдугаар эмнэлгийн харьяанд шилжүүлжээ.

Одоогийн байдлаар тус төвийн барилгын ажил 93 хувийн гүйцэтгэлтэй байна. Төвийн барилгыг энэ оны гуравдугаар сарын 31-нд Улсын комисст хүлээлгэн өгөх бөгөөд дөрөвдүгээр сард ашиглалтад орох юм байна.

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл