У.Хүрэлсүх: Төрийн албан хаагчид алтан цаг зүүж, сваровский шигтгээтэй үзэг, цүнх барьдгаа  боль

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр /2019.01.16/ Төрийн ордонд болж, 21 аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар болон яам, агентлагийн удирдлагууд оролцлоо.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн албан хаагчид хандан үг хэллээ.

Тэрбээр“Сүүлийн хоёр жилд 6.2 их наяд төгрөгийн өрийг төлж барагдууллаа. 2019, 2020 онд гадаад өрийн дарамт байхгүй. Засгийн газрын гадаад өрийн үлдэгдэл 21 их наяд төгрөг болон буурлаа. Өнгөрсөн жилийн хугацаанд Засгийн газар бонд гаргасангүй. Өндөр хүүтэй зээл авсангүй. Эдийн засагт ахиц гарч байгаа ч ард түмэндээ энэ үр шимийг хүргэх хэрэгтэй байна. Цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлж айл өрхийн орлогыг нэмэгдүүлэх ёстой. Энэ ажлуудыг хамтдаа хийцгээе.

Аймгуудын Засаг дарга нарт дахин нэг зүйлийг хэлье. Нийгэмд шударга ёс тогтоохын төлөө хамтарч ажиллая. Хариуцлагатай байя. Ард түмэн биднээс үүнийг л шаардаж байгаа. Хуулиас дээгүүр ямар ч албан тушаалтан гарах ёсгүй. Ард түмэн шударга бусын хонгилыг нурааж өг гэж хүсч байна. 30 хэмийн хүйтэнд 30 мянган хүн жагсаж байгаа явдалд хүндэтгэлтэй хандах ёстой. Төрийн эрх мэдэл ард түмний гарт байдаг. Төр ард түмэнд үйлчлэх гэж байгуулагддаг. Бид төрөө цэвэрлэхгүй бол ард түмэн тэсэх боломжгүй болсноо илэрхийлж байна.

Төрийн албан хаагчид, дарга нар хүн цохиж алмаар алтан үзэг, алтан цаг, сваровски шигтгээтэй цүнх барьдгаа боль. Ядарсан Монголын сая хүрэхгүй төгрөгийн цалинтай төрийн албан хаагчид мянга мянган долларын үнэтэй цаг, цүнх, хувцас хэрэглэж байна. Би дөрвөн удаагийн айлчлалаар явлаа. Төрийн албан хаагчид хэзээ ч ийм үнэтэй эд хэрэглэл эдлэхгүй байна.

Эдэлж хэрэглэж байгаа зүйлдээ анхааралтай ханд. Даруухан бай. Ард түмэн чинь ядуу байна. Ард түмнээсээ баян төрийн албан хаагч байх хэрэггүй. Та хувийн байгууллагад ажиллаад, бизнес эрхлээд мөнгөтэй болсон байж болно. Гэхдээ хэрэггүй. Хэрэггүй юм билээ. Жижигхэн мэт зүйл ярьж байгаа мэт боловч төрийн алба ийм зүйлээс эхэлж эмх цэгцэндээ орно гэж ойлгож байгаа. Төрийн алба бол төрийн алба шиг болъё” гэлээ.

 

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …