Монголын уламжлалт сар шинийн баярын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагууд ямар цагийн хуваарийн дагуу ажиллах талаар өнөөдөр /2019.02.01/ Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар “Сар шинийн баярын өдрүүдээр олон хоног амрах тул эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн яаралтай түргэн тусламжийн тасаг 24 цагаар ажиллаж, иргэдэд үйлчилнэ. Эрүүл мэндийн яаманд хариуцаж ажиллах штаб иргэдийн гомдол, саналыг 11-323002 утсанд хүлээн авч ажиллана” гэв.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр Сар шинийн баярын өдрүүд буюу энэ сарын 5-11-ний өдрүүдэд эмнэлгүүд өндөржүүлсэн байдалд ажиллана. Тодруулбал, Шүд, эрүү нүүрний үндэсний төвийн хоёр кабинет ажиллана. Дүүргийн эрүүл мэндийн төвүүд гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабенитуудаа ажлуулна. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нэг сувилагч, нэг эмчийг 10.00-16.00 цаг хүртэл ажиллана.
Ингээд цагаан сарын баярын өдрүүдэд томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байгаа учраас иргэдэд зориулан мэргэжилтнүүд дараах зөвлөмжийг хүргэж байна.
- Бага насны хүүхдийг дагуулж айл хэсэхгүй байх
- Хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх
- Хүүхдийн хамарт гавар, оксилины тосон түрхлэг зэргийг түрхэх
- Давс, сод, нимбэгний уусмалаар хоолойг нь зайлах
- Хүүхдийг дулаан хувцаслах, хэт бигнэхгүй байх
- Гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийж, агааржуулалт хийх
- Гар ариутгагч, нойтон салфетка хэрэглэх
- Амаар дамжуулан хүүхдэд хоол өгөхгүй байх
- Аяга тавгаа дамжуулан хэрэглэхгүй байх
- Бага насны хүүхдийг машинд зориулалтын суудалд суулгах