Авлигын эсрэг хуулийн дагуу жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогоо мэдүүлэх үүрэгтэй.
Улсын хэмжээнд 2019 онд мэдүүлэг гаргавал зохих 40.800 орчим албан тушаалтнаас хоёрдугаар сарын 11-ний өдрийн 10 цагийн байдлаар 33.600 орчим мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ “www.meduuleg.iaac.mn” цахим хуудсаар шинэчлэн мэдүүлсэн нь 84,1 хувьтай байна.
Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудаас Хууль зүй, дотоод хэргийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын Ерөнхий прокурор, Хэнтий, Дорнод, Дархан-Уул, Сэлэнгэ, Булган, Баянхонгор, Сүхбаатар, Архангай аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагууд 85-иас дээш хувьтай байгаа юм.
Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ гарган бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон түүнтэй адилтгах 280 гаруй албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргахаас одоогоор Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн-36, Дэд сайд-7, Яамдын төрийн нарийн бичгийн дарга-4, Агентлагийн дарга-18, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд, консул-27, бусад -59 нийт 151 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн нь бөгөөд явц байдал 53,9 хувьтай байна.
Авлигатай тэмцэх газраас хөрөнгө, орлогын мэдүүлэг, цахим системийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар заавар зөвлөмж өгч ажиллаж байгаа бөгөөд хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлж, хуульд заасан үүргээ биелүүлэхийг анхааруулав.