Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг ч өнөөг хүртэл тодорхой шийдэл, үр дүнд хүрээгүй байдаг. Өнөөдөр ч агаарын бохирдол гамшгийн хэм хэмжүүрийг давж, олон нийтийн бухимдлын “мөнхийн сэдэв” болсон. Нөгөөтэйгүүр Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээг давсан нь олон хүчин зүйлээс шалтгаалж байна.
Тухайлбал, тээврийн хэрэгслийн яндангаас гарах утаа нэг шалтгаан нь болдог. Тэгвэл Улаанбаатар хотын Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Нийслэлийн Тээврийн газар, БНСУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамны харьяа Монгол Улс дахь төлөөлөгчийн газар “КОТРА Улаанбаатар” гадаад худалдааны төлөөлөгчийн газар /ХТГ/-тай хамтран нийтийн тээврийн салбарт нэгэн шинэ дэвшил, технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд БНСУ-ын зүгээс манай улсад бодит дэмжлэг үзүүлж, шинэ технологио нутагшуулж эхэллээ.
АВТОБУСНЫ ЯНДАНГААС ЯЛГАРАХ ХОРТ УТААГ 85-97 ХУВЬ БУУРУУЛНА
БНСУ-ын “Серакомб” ХХК нь тээврийн хэрэгслийн яндангаас ялгарах хорт утааг шүүх өндөр технологи бүхий DPF төхөөрөмжийг Монгол Улсын нийтийн тээврийн салбарт нутагшуулахаар ажиллаж байна. Энэхүү компани нь 25 жилийн түүхтэй. Дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, өрсөлдөх чадвар өндөр компани аж. Харин тэдний үйлдвэрлэн гаргадаг DPF технологи нь дэлхийн олон улсад нэвтэрсэн, эхнээсээ үр дүнгээ ч өгч эхэлсэн гэдгийг албаныхан хэлж байна.
Өөрөөр хэлбэл, DPF төхөөрөмжийг том оврын автобусны зүүн ар талд, яндангийн хэсэгт суурилуулснаар түүнээс ялгарах хорт утааг 85-97 хувь бууруулах юм байна. Эхний ээлжид энэхүү өндөр технологи бүхий DPF төхөөрөмжийг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын дөрвөн автобусанд суурилуулж, туршиж үзжээ. Энэхүү туршилт нь үр дүнгээ өгсөн талаар хоёр тал онцолж байна.
ХОЁР ТАЛ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Тэгвэл өчигдөр/2019.02.13/ “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын байранд БНСУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамны харьяа Монгол Улс дахь төлөөлөгчийн газар “КОТРА Улаанбаатар” ГХТГ, Улаанбаатар хотын Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Тээврийн газар хамтын ажиллагааны САНАМЖ БИЧИГ байгуулах үйл ажиллагаа боллоо.
Агаарын бохирдлыг бууруулах тeхнологи нэвтрүүлэх хамтын ажиллагааны САНАМЖ БИЧИГ үзэглэх ёслолд Монголын талыг төлөөлж Улаанбаатар хотын болон Нийслэлийн Тээврийн газар, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын удирдлагууд, Өмнөд Солонгосын талыг төлөөлж БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, БНСУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамны харьяа “КОТРА Улаанбаатар” Гадаад худалдааны төлөөлөгчийн газрын удирдлагууд оролцлоо.
ЧОН ВОН ЖҮН: ЦААШИД ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА
Энэхүү үйл ажиллагааны үеэр БНСУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамны харьяа “КОТРА Улаанбаатар” ГХТГ-ын дарга Чон Вон Жүн хэлэхдээ “Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. “КОТРА Улаанбаатар” ГХТГ-ын дарга байна. Өнөөдрийн энэхүү арга хэмжээ нь агаарын бохирдлыг бууруулах технологийг нэвтрүүлэх санамж бичигт гарын үсэг зурах, ёслолын арга хэмжээнд оролцож байгаа та бүхэнд маш их баярлалаа. Энэхүү арга хэмжээнээс эхэлж Солонгос, Монголын хамтын ажиллагаа өргөжиж, Монгол Улсын агаарын бохирдлыг бууруулах тал дээр тодорхой үр дүн үзүүлнэ гэдэгт найдаж байна” гэв.
Түүнчлэн тэрбээр “Манай “КОТРА Улаанбаатар” нь өнгөрсөн 2013 онд анх Улаанбаатар хотод үүд хаалгаа нээсэн. Өнгөрсөн хугацаанд Солонгос, Монголын бизнесийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тал дээр голчон ажилладаг. Түүнчлэн энэхүү арга хэмжээнээс эхлэлтэй ажлын хүрээнд Солонгосын шинэ технологийг Монгол Улсад нэвтрүүлж, тодорхой хэмжээнд Монгол Улсын агаарын бохирдлыг бууруулах тал дээр үр дүн өгч ажиллана гэдэгт найдаж байна. Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт итгэж байна” хэмээн онцоллоо.
Г.ТӨМӨРБААТАР: СОЛОНГОС ТЕХНОЛОГИЙГ ДӨРВӨН АВТОБУСАНД СУУРИЛУУЛЖ, ТУРШИЖ ҮЗСЭН
Харин “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын дарга Г.Төмөрбаатар “Манайх 1300 гаруй автобус үйлчилгээнд явуулдаг. Бүгд 10 гаруй ажил үйлчилгээнд явчихсан. Хорт утаа гарах үзэгдэл бий. Тиймээс дэлхий нийт утаа шүүлтүүр тавьдаг. Манай дөрвөн автобусанд Солонгосын компанийн төлөөлөл ирж, шүүлтүүр тавьсан нь үр дүнд хүрсэн. Та бүхэн сайн хараарай, Зорчигч тээврийн нэгтгэл гэсэн автобуснаас огт утаа гарахгүй байгаа. Энэ бол манай компанийн мэргэжлийн ур чадвар, бас утаа шүүгч байршуулсан нь ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа гэж ойлгож болно” гэв.