Цэцдээ сонсдоггүй ноёд,цэргээ хамгаалдаггүй төрийн бодлогыг 2000 цэргийн бослого бодитоор нь харуулсан

“Одоо л бид багцалсан сум шиг нэгдэхгүй бол хожим хойно цусаар уйлсан ч багадна ” хэмээн сануулах бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн “UB FILM” студийн “2000” түүхэн уран сайхны ирэх сарын 1-нд нээлтээ хийх гэж байна.

Өнөөдөр “2000” түүхэн киноны уран бүтээлчид Монголын Үндэсний музейд киноныхоо талаарх ерөнхий мэдээллийг өглөө.

“2000” Уран сайхны киноны зохиолч МУСГЗ П.Батсайхан:Монголын сэргэн мандалтын үеийн төр тогтолцооны үеийн түүхэнд хаягдах шахам болсон Улиастайн 2000 цэргийн бослогын талаар кино зохиол бичих гол сэдэл маань би 40 жил Завхан аймгаас төрсөн Хутагт хувилгааныг судалсан.Тэдэнтэй холбоотой түүхийг судлахын тулд Улиастайн 2000 цэргийн бослогыг зайлшгүй судлах шаардлагатай болсон. Үүнээс би юуг олж харсан бэ гэвэл мөхөх төрийн бодлогон дунд мандах төрийн зул бадамлаж байдаг юм байна гэдгийг олж харсан. Цэцдээ сонсдоггүй ноёд төр, цэргээ хамгаалдаггүй төрийн бодлогыг Улиастайн 2000 цэргийн бослого бодитоор нь харуулсан гэдгийг өгүүлэхийг хичээсэн.

Дэмчиг Тайжийн дүрийг бүтээсэн Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагва:Түүхийг зохиогоод түүхтэй юм шиг бүтээл хийгээд хойч үедээ нөлөөлөөд байгаа ийм цаг үед бид өөрсдийнхөө гээчихсэн, мартчихсан, орхичихсон юмыг санаж яагаад болдоггүй юм бэ гэсэн санаа энэ бүтээлд орж ажиллахад хөшүүрэг болсон. Гаднын соёлын довтолгоонд өртчихсөн энэ үед бид хэдий хэр хэмжээний юм орхиж гээсэн улс вэ гэдгийг санаж, сэрж, ойлгож ухаарахад илүүдэхгүй болов уу гэж бодож энэ кинонд оролцсон.

Киноны гол дүр Энхтайвангийн дүрд тоглосон Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Ц.Цэрэнболд:Эцэг өвгөд маань эрх чөлөө, тусгаар тогтнол, газар нутгийг бидэнд үлдээхийн тулд амь биеэ үл хайрлан тулалдаж байсан тухай өгүүлэх энэ киног манай Монголын залуучууд болон бүх үеийнхэн ирж үзээсэй гэж хүсч байна.

Манж Чин улсын эрхшээлд 200 жил харьяалагдсан монголчуудын эрх чөлөөний төлөөх тэмцлийн нэгээхэн хэсэг нь Улиастайн хотод дайчлагдсан нэрээр дарлагдаж байсан 2000 цэргийн бослогын бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн уг кино гуравдугаар сарын 1-нд албан ёсоор нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болох юм.

“2000” уран сайхны кино нь Манжийн үеийн бусад уран сайхны кинонуудаас ялгаатай нь дайн тулаанаас илүүтэйгээр тухайн үеийн хүмүүсийн амьдрал, ахуйг харуулсан драм жанр голчилсон бүтээл аж.

Эрэгтэй хүүхэд төрвөл цэрэгт дайчилж, цэргүүдийг хоол хүнсээр дутаан дарамталж, хатуу чанга гарт барин, эсэргүүцсэн хүн бүрийг 9 эрүү шүүлтээр шүүх, пүүсүүд монголчуудыг их өрөнд унагааж байсан түүхийг уран сайхны аргаар өгүүлжээ.

Мөн гэр бүлийнхээ бүх эрчүүдийг албанд мордуулаад ард нь эмс, хөгшид үлдсэн энэ үед монголчуудын хүн амын өсөлт зогсонги байдалд орж байсан зэрэг түүхэн баримтуудыг шигтгэсэн байна.

2000 уран сайхны киноны продакшны ажлыг “UB FILM”-ийн хамт олон гүйцэтгэсэн бол ерөнхий найруулагчаар СТА Б.Отгонзориг,ерөнхий зураглаачаар Э.Доржсүрэн ажиллаж киноны хөгжмийг Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач, уран сайхны удирдагч, СТА Д.Түвшинсайхан бичжээ.

Кинонд МУАЖ П.Цэрэндагва, Д.Мэндбаяр,МУГЖ Д.Гүрсэд, Д.Төмөртогтох, Н.Батцэцэг, У.Батбаатар, МУСТА Ш.Доржсүрэн, С.Болд-Эрдэнэ, С.Ариунбямба, Ц.Цэрэнболд, Д.Баттөмөр, хийлч МУСТА Ч.Дэлгэрцэцэг тогложээ.

Хийлч Ч.Дэлгэрцэцэгийн хувьд дэлгэцийн анхны уран бүтээл бөгөөд тэрбээр “2000” түүхэнд кинонд өөрийн гоо үзэсгэлэнг зоримог шийдлээр мөнхлөн үлдээсэн байна.

Г.Нараа

 

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …