Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид, авлигын хэргийн сэжигтнээр саатуулагдаж байсан хуульч Л.Бямбаа амь насаа алдсан гэх хэрэгтэй холбоотойгоор хуульчдын төлөөлөл мэдээлэл хийлээ.
Хуульч Д.Оросоо “Төрийн тусгай хамгаалалттай газар Монгол Улсын иргэн амь насаа алдсан анхны тохиолдол биш. Өнгөрөгч онд ЗТХЯ-нд удирдах албан тушаал хашиж байсан хуульч залуу бусдын гарт хэрцгийгээр амь насаа алдсан. Мөн нийслэлийн томоохон дүүргийн ЗДТГ-ын удирдах албан тушаалтан бас ажлын байрандаа бусдад хутгалуулж гэмтэл авсан тохиолдол бий. Мөн Дорноговь аймгийн Зүүнбаян сумын цэргийн ангид алба хааж байсан байлдагч гаднын нөлөөтэй амь насаа алдсан байж болзошгүй гэдэг асуудал ч гарсан.
Цэрэг амь насаа алддаг, хорих ангид саатуулагдсан иргэн амь насаа алддаг, ажлын байран дээрээ амь насаа алддаг болсон байна. Монголын төр террорист болж хувирчээ. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Иргэний амьд явах эрх Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын үндэс байна” гэж заасан. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ асуудалд анхаарах цаг болсныг сануулж, яаралтай хуралдахыг шаардаж байна.
Талийгаач Л.Бямбаа Цагдан хорих ангид 48 цаг саатуулагдахад амиа хорлох хэмжээний сэтгэлийн хатгүй хүн биш. Тиймээс энэ хэргийг үнэн, зөвөөр шийдвэрлэхийг хүсч байна” гэлээ.
Хуульчдын зүгээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг ажлаа хийж чадахгүй байгаа учир огцрохыг шаардлаа.