С.Амарсайхан: Агаарын бохирдлын эсрэг төрийн албан хаагч бүр анхаарч ажиллах ёстой

Өнгөрөгч пүрэв гарагт болсoн нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нийслэлийн холбогдох газар, хэлтэс, агентлагийн дарга үүрэг даалгавар өглөө.

Хуралдаанаар зөвшөөрөлгүй баригдсан хашааг чөлөөлөх, агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас гаргасан 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нам даралтын зуухаар дулааны асуудлаа шийдвэрлэж байгаа сургууль, цэцэрэглэг болон аж ахуйн нэгжүүдийг цахилгаан халаалтад шилжүүлэх,  худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал, жижиглэн үйлчилгээний чиглэлээр хот дотор болон хотын ойр орчимд  түүхий нүүрсээр галладаг газруудын үйл ажиллагааг зогсоох, өөр эх үүсвэрээр дулааны асуудлыг нь шийдвэрлүүлэх зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Та бүхэн өөр өөрсдийн хариуцсан ажилдаа хариуцлагатай хандаж ажиллаарай. Нийслэл есөн дүүрэгтэй, цаашид нийслэлийн төвийн зургаан дүүрэг гэж ярихаа болих хэрэгтэй. Нийслэлийн иргэд тэгш эрхтэй, тиймээс оруулж ирж байгаа асуудлаа есөн дүүргийн хэмжээнд судалж, ярих нь зүйтэй. Утааны асуудал бол нийслэлийн иргэдийн хувьд тулгамдсан асуудлын нэг. Тиймээс төр захиргааны байгууллагын нэрийн өмнөөс ажил хариуцаж байгаа хэн бүхэн, төрийн албан хаагч бүр агаарын бохирдлын эсрэг анхаарч ажиллах ёстой. Мөн албан тушаалтан бүр хотын соёлыг түгээх асуудлыг ажил үүргийнхээ нэг хэсэг гэж ойлгож ажиллаарай. Хотод ашиг олох зорилгоор үйл ажиллагаа явуулж байгаа атлаа гал түлж, утаа гарган агаарын бохирдолд хувь нэмрээ оруулж байгаа хоолны газар, амралт зугаалга, сувиллын газрууд, дэлгүүр хоршоо, дугуй засвар, барилгын манаач зэрэг газруудын нийт 5406 янданг буулгаж, өөр эх үүсвэрээр халаалтыг нь шийдвэрлүүл.

Нам даралтын зуухны асуудлыг шийдвэрлэх ёстой. Гэхдээ үүнийг мушгин гуйвуулж хотын захиргаанаас бүх янданг буулгах гэж байна гэж ойлгож болохгүй. дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн дотор холбогдох газруудад мэдэгдлээ хүргүүл, шаардлагаа тавь. Үүнд дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч, НМХГ, Цагдаагийн байгууллага анхаарч ажилла. Горхи-Тэрэлжийн амралт зугаалын газраас бусад хотын орчимд үйл ажиллагаа явуулж байгаа амралт сувиллын газрууд гал түлэхгүй байх нөхцлийг бүрдүүл. Ашиг олохоор үйл ажиллагаа явуулж байгаа бол нүүрс түлж хорт утаа гаргахгүй байх, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж ажиллах нь чухал.

Хотын захиргааны зүгээс халаалтын асуудлыг нь  нэгдсэн журмаар шийдвэрлэх үүрэг чиглэл өгөхгүй тул элдэв байдлаар хардах шаардлагагүй. Байгууллага бүр өөрсдөө гал түлэхгүйгээр халаалтын асуудлаа шийдэх  олон боломжийг эрэлхийлэн ажиллах ёстой. Сайн дураараа нам даралтын зуухаа буулгаж, агаарын бохирдлын эсрэг ажиллаж байгаа аж ахуйн нэгж, иргэдийг хотын 1 хувийн татвараас тодорхой хэмжээгээр чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх ямар боломж байгааг холбогдох газрууд судалж танилцуул. 14 хоног тутамд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлын талаарх танилцуулгаа нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулж бай” хэмээн холбогдох байгууллагуудын удирдлагад үүрэг өглөө гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …