Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клеческиг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Манай хоёр улсын харилцаа, ялангуяа боловсролын салбарт идэвхтэй хөгжиж, үр дүнгээ өгч буй олон жишээ бий. Тухайлбал, Монгол Улс, АНУ хамтран санхүүжүүлж буй “Фулбрайт” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2011 оноос хойш 70 гаруй оюутан эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр АНУ-ын их, дээд сургуулиудад магистрантурт суралцсанд талархалтай байна. Цаашид ойрын 5-10 жилд эрэлт хэрэгцээтэй болох шинжлэх ухаан, технологи, инновацийн чиглэлээр залуусаа сургах, их, дээд, дунд сургуулийн багш солилцооны хөтөлбөрийг хамтарч хэрэгжүүлэх, багш нарыг богино, урт хугацааны мэргэжил дээшлүүлэх, ерөнхий боловсролын сургуулиудад англи хэлний сургалтыг эрчимжүүлэхэд манай яам анхаарч ажиллана” гээд дээрх чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Элчин сайд, ноён Майкл С.Клечески боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлд бодитой, тодорхой санал, санаачилгуудыг ажил хэрэг болгоход татгалзах зүйлгүй гэв. Тэрбээр хэлсэн үгэндээ олон улсын сургалттай сургуулиудад ажиллаж буй гадаад багш нарын визтэй холбоотой зарим хүндрэлийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсээд англи хэлний сургалтын чанарыг сайжруулахад анхаарч ажиллана гэсэн юм.
Мөн 2019 оныг “Монгол, Америкийн Залуучуудын жил” болгох асуудлыг 2017 онд тохиосон Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд эхлүүлж, улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2018 оны есдүгээр сард АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр эцэслэн тохиролцсон бөгөөд энэхүү арга хэмжээг тэмдэглэх нь хоёр орны харилцааны цар хүрээг өргөжүүлэх, иргэд хоорондын харилцааг бэхжүүлэх, залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд ач холбогдолтой болохыг талууд онцлов.