Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гэргий Х.Болормаагийн дүү Х.Болдбаатарын ажлын байранд нэгжлэг хийсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл ажлын байрандаа нэгжлэг хийлгэсэн талаар Х.Болдбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрээр “Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн албан өрөөнд нэгжлэг хийлээ гэдэг асуудалд тайлбар өгөх гэсэн юм. Намайг Х.Болдбаатар гэдэг. Монголын дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн. Энэ байгууллага 10-аад жилийн өмнө байгуулагдсан. Монголын зураач нарын зургийг цуглуулдаг, хадгалдаг. Уран бүтээлчдийнхээ зургийг гадаадад сурталчилдаг. Эх орноо сурталчлах үйл ажиллагаа явуулдаг нийгэмлэг юм. 2019 оны гуравдугаар сарын 19-ний өдөр цагдаагийн байгууллагаас над руу залгаж “Ардын эрх”-ийн байранд манай дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын архивт үзлэг хийнэ гэж ярьсан. Тэгээд цагийн дараа прокурорын зөвшөөрөл ирсэн. Их тэнгэр цогцолбороос 20-иод зураг алга болсон гэсэн мэдээлэл үзүүлсэн. Мэдээлэл үзүүлэхдээ зөвхөн зураач нарын нэрс болон зургийг хэмжээг хэлсэн. Алга болсон гэх зургийнхаа фото зургийг бол үзүүлээгүй. Тэгээд манай нийгэмлэгийн архивд үзлэг хийсэн. Үзлэгээр 10 зургийг тухайн алга болсон зурагтай ойролцоо байна, шинжилгээ хийлгэе гээд авч явсан. Ийм л үйл явц болсон. Үзлэг хийж байгаа хүмүүс нь зураг мэддэггүй. Ардын зураач Б.Чогсом гуайг авчирсан. Манай архивыг үзэхдээ мэргэжлийн бус хүмүүс ажилласан”гэв.
Хувь заяаны тохиолоор хоёр Ерөнхийлөгчтэй их ойр явлаа
Энэхүү мэдээллийн үеэр дараах зүйлийг тодрууллаа.
-Үзлэгээр 10 зураг авч явсан гэж байна. Ямар нэртэй зургууд авч явсан бол?
-Шалгаж байгаа учраас хэлж болохгүй байх. Би өөрөө ч тэдэнд мэдээлэл өгсөн. Би алдагдсан зураг уу үгүй юу гэдгийг мэдэхгүй.
-Та хэзээнээс зургийг зураг цуглуулж эхэлсэн вэ?
-Би 1984 онд аравдугаар анги төгсөөд анхны цалингаараа Юндэн Нансалмаа хоёрын зургийг худалдаж авч байлаа. Тухайн үед таван төгрөгийн үнэтэй байсан. Ер нь анхны цалингаасаа л зураг цуглуулж эхэлсэн дээ. Би 1989 оноос хойш бизнес хийж эхэлсэн. Энэ хугацаанд маш олон зүйл хийж үзсэн. Сүүлийн 10 гаруй жил барилгын салбарт ажиллаж байна. Одоо спорт болон уран зургийн үзэсгэлэн гаргах танхим барьж байгаа.
-Таныг ерөнхийлөгч Х.Баттулгын жолооч байсан гэсэн. Энэ үнэн үү?
Тийм ээ. Би 1997 онд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын жолооч байсан. Би тэр хүний оймсыг угааж, гутлыг нь тосолж явсан. Одоо ерөнхийлөгчийг хайрлаж хүндэлж явдаг. Энэ хүнтэй ойр ажиллаж байсандаа бахархаж явдаг. Манай ерөнхийлөгч зураач хүн шүү дээ. Хувь заяаны тохиолоор хоёр Ерөнхийлөгчтэй их ойр явлаа.
-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хэчнээн зураг цуглуулсан бол?
-Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 600 зурагтай гэж мэдүүлсэн байсан. Ийм хэмжээний зураг байгаа байх.
Н.Алт