“Эко Алтан Заамар”байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээг хийгээгүйгээр үйл ажиллагаа явуулжээ

“Эко алтан заамар” компанийн асуудлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өчигдөр /2019.03.22/ мэдээлэл хийлээ. Тус газрынхан хэлэхдээ “Эко алтан заамар” компанийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн улсын байцаагчийн есөн заалттай дүгнэлт 2019 оны гуравдугаар сарын 18-ны өдөр гарсан. Уг дүгнэлтийг 2019 оны гуравдугаар сарын 19-ны өдөр Уул уурхайн сайдад хүргүүлж тус компанид арга хэмжээ авч ажиллах тухай албан бичиг өгсөн.

Дүгнэлтэд тус компани нь геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас томилогдсон улсын комисст уурхайгаа хүлээлгэж өгөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан. Мөн техник эдийн засгийн үндэслэлийг шинээр боловсруулаад уг үндэслэлийнхээ дагуу байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээг хийгээгүйгээр үйл ажиллагааг явуулсан.

Техник эдийн засгийн үндэслэлд заагдсан зураг төслийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй, мөрдөгдөж байх параметрийн хэмжээг баримталж ажиллаагүй ийм зөрчлүүд байгаа. Тус уурхайд техник эдийн засгийн үндэслэл хийгдэхэд геологийн усны судалгаа хийгдсэн байдаг. Энэ судалгаагаар гүний ус 51 метрт уст үе илэрсэн. Энэ уст үеийн талаар техник эдийн засгийн үндэслэлд усыг хэрхэн зайлуулах уу уст үеэс гарч болзошгүй эрсдэлийг хэрхэн бууруулах талаар зураг төсөлд заагаагүй нь гулсалт, нуралт үүсэх гол шалтгаан болсон байдаг. Түүнчлэн аюулгүй ажиллагааны дүрмийг баримталж ажиллаагүй байна.

Бидний хийсэн эхний шалгалтаар эргэлтийн усан сангийн нуур доошоо нэвчсэн байх магадлалтай гэдэг анхны дүгнэлтийг гаргаж байсан. Үүнийг лабораторийн шинжилгээгээр уснаас дээж авсны хувьд дээд талын нуураас доошоо шүүрэлт ороогүй юм байна. Энэ бол гидергеологийн судалгаагаар гарсан шүүрлийн усны нөлөөлөл байсан юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн гэлээ.

Харин хөдөлмөрийн аюулгүй байдлаар хэд хэдэн заалт зөрчигджээ. Засгийн газраас аж ахуй нэгжийн дотоод журмыг баталсны дагуу ААН дотоод хяналтыг явуулж байх ёстой. Тус компанид хөдөлмөрийн аюулгүй байдлын хууль зөрчигдсөн.

Тухайлбал, ХАБ-ын ажилтнууд эрсдэлийн үнэлгээ хийгээд 2019 оны хоёрдугаар сарын 21-ны өдөр захиралдаа хүлээлгэн өгсөн байдаг. Үүнд ноцтой хоёр зөрчил илэрсэн. Нэгдүгээрт, ажлын байрны зааварчилгааг журам ёсоор хийхгүй байна гэдгийг эрсдэлийн үнэлгээгээр гаргаад ирсэн. Хоёрдугаарт, ХАБ-ын ажилчид гарах үр дагавар гэдэгт мөс хагарч уналтаас болж насосчид, ажилчид мөсөнд даруулах, техник хэрэгсэл эвдрэх аюултайг дурджээ. Хэрвээ уурхайн эзэд нь тухайн үед уншиж танилцаад тодорхой арга хэмжээ авсан бол ийм харамсалтай явдал гарахгүй байсан байх. Одоогоор энэ компанийн үйл ажиллагааг  тодорхойгүй хугацаагаар зогсоосон. Гэхдээ эрүүгийн хэрэг үүсээд шалгагдаж байгаа учраас  тэрний дараа арга хэмжээ авна” гэв.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …