Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтад тав дахь жилдээ хамрагдаж байгаа Орхон аймгийн 14-р сургуулийн бага ангийн багш С.Хишигжаргалтай ярилцлаа.
– Тав дахь жилийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдлаа. Сургалтын талаар сэтгэгдлээ хуваалцана уу?
– Дэлхийн боловсролын чиг хандлага хүүхэд төвтэй болж өөрчлөгдөж байгаа. Үүнийг дагаад манай боловсролын тогтолцоо ч гэсэн өөрчлөгдөж байна. Хүүхдүүд биднээс илүү хурдан биднээс түрүүлж сэтгэж байгаа болохоор багш нар тасралтгүй хөгжих хэрэгцээ шаардлага тулгарч байгааг цаг тутам ойлгож байна. Өнгөрсөн хугацаанд хичээлээ өнөө л нэг сур, бич гэдэг үүднээс заасан байна. Харин цаад мөн чанар луугаа гүн орж чадаагүй юм байна. Тийм учраас одоо хүүхдүүдтэйгээ илүү өөрсдөөр нь сэтгүүлж бодуулж хөгжүүлж ажиллах хэрэгтэй гэдгийг ойлгож авлаа.
– Цаашид арга зүйн хувьд яаж ажилламаар санагдаж байна вэ?
– Багш нар өөрсдийгөө илүү хөгжүүлж байж хүүхдүүдийг хөгжүүлж, сургах арга барил олгох юм байна. Яг үнэнийг хэлэхэд бид жаахан санаачлаггүй байгаа юм байна гэж бодогдлоо. Зөвхөн нэг хөтөлбөр төлөвлөгөө сурах бичигт баригдаад тэр агуулга төлөвлөгөөнд өгсөн зүйлийг л хүүхдүүдэд заадаг. Тиймээс орхигдсон зүйлүүд маш их байна. Ангид тааруу сурдаг хүүхдүүд бусдаас хоцрох, орхигдох тохиолдол байдаг. Харин багш бид тааруу сурлагатан ер нь л байдаг даа гэсэн үзлээс ханддаг. Гэтэл бүх хүүхдүүдийг тэгш хамруулж бүгдэд нь хүртээмжтэй, чаддаг чаддаг зүйлээр нь сургах тал дээр анхаарч, шатлалтай ажиллах боломж байгаа олж хараагүй байжээ. Харин одоо энэ тал дээрээ илүү анхаарч ажиллана гэж бодож байна.
– Залуу багш нартаа хандаж хэлмээр зүйл байна уу?
– Багш нар хандлагаа өөрчлөх хэрэгтэй гэж бодогддог. Бид хандлагаа өөрчилж байж сайн сайхан нийгмийг бүтээлцэнэ. Ахмад багш нараас сурах зүйл их байна. Боловсролын салбарт гарч байгаа шинэчлэлийг хүлээж авч ойлгохоосоо түрүүлээд төвөгшөөх хандлага их байх шиг ажилглагддаг. Дээд түвшиндээ ч гэсэн шинэчлэлийн цаад мөн чанарыг багш нарт ойлгуулах тал дээр илүү анхаараасай гэж боддог. Тэгвэл аль аль тал дээрээ ойлголцоод цаашид урагшлахад илүү дөхөм болох болов уу.
– Бага ангийн багш байхын сайхан нь юу вэ?
-Би ирээдүйн иргэнийг бэлтгэж байна гэж бодож ажлаа хийдэг. Өөрийгөө өөрчилж үргэлж сайн сайхан бүхний үлгэр дуурайлал нь байхсан гэж боддог. Тэгж хичээж өөрөө өөрийгөө хөгжүүлж өөрчлөгдөж байгаадаа сэтгэл хангалуун явдаг. Хүүхэд гэдэг ямар гэгээн сайхан билээ. Энэ хүүхдүүдээс одоо холдож өөр ажил хийж чадахгүй. Чи л хийнэ чамаас өөр хэн ч хийхгүй гэж өөрөө өөртөө хэлдэг шүү. Бага ангийн багш байх сайхан.
-Ярилцсан баярлалаа. Танд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.