Польш улсад зохиогдсон хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт гаргасан 85 настай Ц.Раднаа гуайг өнөөдөр /2019.04.04/ Кёкүшюзан Д.Батбаяр “Сакура” сургуульд тусгайлан хүлээн авч уулзлаа.
Үүний дараа тус сургуулийн ойролцоо баригдаж байгаа “Ханбогд ресиденс” хороололд очиж, барилгачидтай уулзлаа. Энэ үеэр Дэлхийн гурван удаагийн аварга Ц.Раднаа гуайн амжилтыг үнэлж Кёкүшюүзан Д.Батбаяр, улсын заан Ч.Батзориг нар Ханбогд резиденс хорооллын хоёр өрөө байрны батламж гардуулсан юм.
Дэлхийн аварга Ц.Раднаа хоёр өрөө байрны эрх гардаж авсныхаа дараа “Үнэхээр их баяртай байна. Барилгачдын сэтгэл шингэсэн энэ сайхан бэлгийг аваад талархаж байна. Өнөөдрийн миний энэ хичээл зүтгэл бол архи, тамхи хэрэглэхгүй байж, спорттой байнга холбоотой явсны ач юм. Би Зайсангийн шатаар байнга өгсөж, Туул голын эргээр байнга алхаж явна. Энэ нь миний урт наслахын нууц байх. Залуучууддаа хандаж хэлэхэд эрүүл чийрэг байгаарай. Заавал хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Гэртээ байх үедээ ч ямар нэгэн зүйл хийгээрэй. Эрүүл урт удаан наслахыг хүсэн ерөөе гэж баярын сэтгэгдлээ хуваалцлаа.
Кёкүшюүзан Д.Батбаяр “Монголчууд дэлхийд ямар ч спортын төрлөөр, аль ч насанд амжилт гаргаж чаддагийн жишээ бол ахмад тамирчин Ц.Раднаа гуай. Монголчууд бид монгол хүний тэсвэр тэвчээрийг харуулж, монголчуудын бахархлыг сэргээж дэлхийн дээд амжилтыг тогтоосонд баяртай байна. Тиймээс бид хөдөлмөр, сэтгэл шингэсэн барилгаасаа гардуулж өгч байна” гэлээ.